Мөчлөг сөрснөөр Хөрөнгийн зах зээл өсөлтөө хадгална

Монголын мэдээ | Тойм
ariunzaya@montsame.mn
2018-03-17 13:28:50
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Тахиа жилийн хувьд Хөрөнгийн зах зээлд олон үйл явдал өрнөв. Агшилттай эдийн засагтай золгосон 2017 оны хувьд сорилтын жил байх болно хэмээн эдийн засагчид гаргалгаа хийж байсан ч Хөрөнгийн зах зээлд тэсрэлт өгсөн жил болж өнгөрлөө. 

Өнгөрөгч онд ТОП 20 индекс 68.9 хувиар өсч, дэлхийн индексүүдийг тэргүүлж,  хамгийн дээд арилжааг хийсэн нь  хөрөнгийн зах зээлийг илүү тодотгов. Он гарсаар  хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 67.4 хувиар өсч 2.4 их наяд төгрөгт хүрсэн нь сүүлийн таван жилийн дээд үзүүлэлт болсныг мэргэжилтнүүд онцолж байна. Ийнхүү өсөлттэй гарахад уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт болон ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилт эдийн засагт эерэг дохио  өгснөөр хөрөнгийн зах зээлийг тэлжээ.

2018 оны хувьд Хөрөнгийн зах зээлд өсөлттэй байх өөдрөг дүр зураг гарч байна. Уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай манай улсын хувьд мөчлөг дагаж хувьсаж ирсэн. Энэ оны хувьд нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөлттэй байх төлөв бий. Тиймээс Монголын эдийн засгийн өсөлтөд нүүрс, зэсийн үнэ жин дарах хэвээр байгаа юм. Энэ хэрээр Хөрөнгийн зах зээлд өсөлт ирэх төлөв ажиглагдаж буйг мэргэжилтнүүд хэлж байна.

  Өнгөрснийг эргэн санавал, 2011 онд уул уурхайн өсөлтийг даган Хөрөнгийн биржийн арилжаа  нэмэгдсэн ч 2016 онд хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд саарч эмзэг түвшинд хүрч өсөлтийг тогтвортой хадгалахад хүндрэл учирсан. Үүнийг шинжээчид улс төрийн тогтворгүй байдал, хууль дүрмийн өөрчлөлт, эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнийн бууралтаас үүдэлтэй хөрөнгийн зах зээл хэврэгшсэн хэмээн тайлбарлав. Тэгэхээр 2018 онд түүх давталгүй шийдвэрийг бодитоор илүү мэргэжлийн түвшинд нухацтай гаргах шаардлагатай нүүр тулж байна.

Түүнчлэн хөрөнгийн зах зээл нь шинэ санаа, төсөлтэй хүмүүсийг хөрөнгө оруулагчтай холбодог гүүр гэдгээрээ онцлогтой. Энгийн атлаа томоохон дэд бүтцийг бүрдүүлдэг энэхүү хөшүүрэг манайд жижиглэнгээр буюу ТҮЦ-ийн хэлбэрээр явж ирсэн нь нууц биш. Иймд ТҮЦ-ийн хэлбэрээс томоохон дэлгүүрийн хэмжээнд хүрэхийн тулд Монгол Улс хөрөнгийн зах зээлээ бодлогоор дэмжих шаардлагатай гэдэгт салбарын хүмүүс төвлөрч байна. Мөн хөрөнгийн зах зээлээс хөрөнгө татах явц нь банкнаас зээл авахаас өртгийн хувьд хямд ч хугацаа хожихын тулд дийлэнх нь банкны үйлчилгээ рүү “шуурдаг”. Тиймээс үнэт цаас гаргах явцыг  чирэгдэлгүй, уян хатан болгохыг цаг үе шаардаж байна.
Хөрөнгийн зах зээлийн  санхүүжилт босгох боломж нь 5-30 тэрбум төгрөгт хэлбэлздэг гэдэг. Сүүлийн 27 жилийн хугацаанд манай улс 20-иод IPO хийжээ. Тэгвэл энэ тоо  2018 онд нэмэгдэнэ гэсэн хүлээлт байна. Тодруулбал давхар бүртгэлтэй анхны компани удахгүй биржид гарахаар зэхэж буй юм.  Ийнхүү гадны биржид бүртгэлтэй компаниуд Монголын Хөрөнгийн биржид хувьцаагаа давхар арилжих нөхцөл бүрдсэнээр  ашиг хүртэх хаалга нээгдэнэ гэсэн үг. Энэ нь  хөрөнгө оруулагчдыг татах хөшүүрэг төдийгүй томоохон хувьсгал  болно гэдгийг зах зээл судлаачид тодотгов.

Түүнчлэн Монгол Улс ирэх жилүүдэд FTSE-ийн “Хөгжиж буй зах зээл” зэрэглэлд багтах амбиц тээж  буй юм. Манай улс 2012 онд  “Ажиглалтын жагсаалт”-д багтсан ч  төлбөр тооцооны системээ цэгцэлж чадаагүйгээс хасагдсан. “Хөгжиж буй зах зээл” зэрэглэлд багтахын тулд Хөрөнгийн бирж, СЗХ, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв хэмээх байгууллагууд нэг  цул болж үйл ажиллагаагаа уялдуулах шаардлагатай байгаа аж. Үүний үр дүнд төлбөр тооцооны системээ хөрөнгө оруулагчдад тодорхой болгож зэрэглэлээ ахиулах боломж гарах юм байна.

Харин төрийн зүгээс энэ онд ямар дэмжлэг хэрэгтэй вэ гэдэгт төвлөрвөл,  Хөрөнгийн биржийн  өнгөрсөн жилийн арилжааны дүнд  ЗГҮЦ нэлээн жин дарсан байдаг. Тэгвэл энэ онд Засгийн газрын бондыг  хөрөнгийн зах зээлээр дамжуулан арилжаалах нь оновчтой хувилбар болох аж. Уг саналыг Хөрөнгийн бирж холбогдох яаманд тавьсан бөгөөд Сангийн сайд бизнес эрхлэгчидтэй уулзах үеэрээ ЗГҮЦ-ыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан арилжих нь оновчтой хэлбэр хэмээн мэдэгдсэн. Үнэндээ Хөрөнгийн биржээр дамжуулж Засгийн газрын бондыг арилжсанаар оролцогчдын тоог нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдыг татах, үүний үр дүнд  хүү буурах,  төгрөгийн ханш тогтворжих боломж бүрдэх юм.

Түүнчлэн өнөөдөр Монгол Улсын санхүүгийн салбарын 95 хувийг банкны салбар эзэлж байгаа. Тиймээс санхүүгийн салбарын нэг багана болох Хөрөнгийн зах зээлийг бодлогоор дэмжсэнээр эдийн засаг тогтворжино гэдэгт олон хүн санал нэгддэг. Тодруулбал мэргэжилтнүүдийн саналд  суурилсан бодлого боловсруулах, татварын таатай орчныг бүрдүүлэх, ашиг орлогогүй ажиллаж буй төрийн өмчит компаниудын хувьчлалыг Хөрөнгийн биржээр дамжуулан хийхээс эхлээд бодит дэмжлэгүүд хэрэгтэй гэдгийг салбарынхан онцолж буй юм.

Юутай ч 2018-2019 оны төсөөллөөр Хөрөнгийн зах зээл гэрэл гэгээтэй байна. “Хөрөнгийн бирж” хэмээх их дэлгүүрийг  хэрхэн сонголт сайтай  бараатай болгож  үйлчлүүлэгчдийн цувааг таслахгүй  вэ гэдэгт зөв гаргалгаа хийж чадвал  баялаг,нэг хүнд ногдох газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд толгой цохих Монгол Улсын хөрөнгийн зах зээл тэлэх бүрэн боломжтой.
 
Б.Заяа
Холбоотой мэдээ