“Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-03-20 12:56:52
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймаг дахь “Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа”-аас “Дэлхийн усны өдөр” болон Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн түүхэн ойг "Байгальд ээлтэй усны шийдэл" уриан дор 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйлдэл нь цэвэр усны нөөцөд хэрхэн нөлөөлж буйн талаар олон нийтэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулж байна. 
Өнгөрсөн жилүүдэд энэ өдрийг угтан төрийн байгууллагаас нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж байсан бол энэ жил аймагтаа үйл ажиллагаагаа явуулж буй “Шинэ гарц”, “Алтайн баялаг залуус” ТББ-тай хамтран ажиллаж байгаагаараа онцлогтой юм. Энэ өдрүүдэд нээлттэй волейболын тэмцээн, Есөнбулаг сумын цэцэрлэгийн насны хүүхдүүдийг оролцуулсан “Аав, ээж, би” тэмцээн, Ерөнхий боловсролын сургуулиудын “Эко” клубын сурагчдыг Есөнбулаг сумд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах аялал, сургалт зохион байгуулагдсан бол 3 дугаар сарын 22-ны өдөр нийтийг хамарсан нээлттэй хэлэлцүүлэг, “Нэг литер ус-Нэг өдөр” реалити шоу гэх мэт арга хэмжээ зохион байгуулагдах ажээ. 
НҮБ-аас 1992 оноос жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлаж, 1993 оноос өдгөөг хүртэл эл өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж ирсэн байна. Тэгвэл “Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа”-аас нийт иргэддээ хандан “Цэнхэр алт болсон Цэвэр усаа зөв зохистой хэрэглэцгээе, хайрлаж хамгаалцгаая” уриа гаргаж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаа билээ.
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ