Энэ жил 13 сая ажлын байр бий болгох зорилт тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-21 14:36:27
БЭЭЖИН. /Синьхуа/ Манай улс энэ жил хот суурин газарт 13 сая гаруй ажлын байр бий болгох зорилт тавилаа хэмээн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян мэдэгджээ.  

"Хамгийн багадаа 11 сая хүнийг ажлын байраар хангах зорилт тавиад байгаа хэдий ч засгийн газар илүү том зорилго тавьж байна. Хятад улс сүүлийн таван жилийн хугацаанд хот суурин газарт 66 сая гаруй ажлын байр бий болгосон. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал нь зөвхөн гэр бүлүүдэд төдийгүй бүхий л түвшинд хамааралтай чухал асуудал юм. Энэ жил хөдөө орон нутгаас ирсэн 3 саяас багагүй цагаач ажилчдад ажлын байр олгоно. Тэдэнд тогтвортой ажил олж өгөх нь засгийн газрын үүрэг хариуцлага юм. Манай улсын хотуудад хөдөө орон нутгаас ирсэн ойролцоогоор 280 сая цагаач ажилчид байгаа юм. Энэ нь хотжилтын үйл явцад чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ жил 8,2 сая хүн их дээд сургуулиа төгсөнө. Түүнчлэн халагдсан цэргийн албан хаагчид болон орон тооны цомхотголд орсон ойролцоогоор 1 сая гаруй хүнийг ажлын байраар хангахын тулд бид багагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй юм” хэмээн Ли Көцян ярьсан байна.
 
Э.Аянзаяа
Холбоотой мэдээ