С.Баярцогт: Монгол, Швейцарийн хуулийн байгууллагууд хамтарч шалгаад үнэн мөнийг тогтоогоосой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-03-21 15:14:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарийн холбооны улсын дээд шүүхээс тус улсын банкууд дахь дансыг нь битүүмжилсэн, АН гишүүнчлэлээсээ хассан зэрэг үүсээд буй асуудлуудтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд тэрбээр, өнгөрсөн даваа гарагт нэр хүндтэй "Ройтерс" агентлаг өөртэй нь холбоотой мэдээлэл гаргаж, нам нь шийдвэр гаргаж, гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн зэрэг асуудлын хүрээнд Монгол Улсын хамгийн том төсөл болох Оюу Толгойн "Хөрөнгө оруулалтын гэрээ" нэрлэгдэж байгаа учраас өөрийн зүгээс тайлбар хийж байгаагаа тодотгов. Тэрбээр "Маш олон хүнд хардлага, сэрдлэг эргэлзээ байгаа. Энэ бүгдэд тайлбар өгөх ёстой. Миний бие АНУ-д сурч байгаа ч энэ асуудалтай холбогдуулан сургуулиа хойшлуулж, үнэн мөнийг нь тогтоож дуустал Монголдоо байхаар шийдсэн. Оюутолгой 70-100 жилийн настай том төсөл. Тиймээс энэ төслийн гэрээг хийсэн хүмүүсийг ямар нэгэн байдлаар авлига авсан гэх хардлага  их явж ирлээ. Төсөл хэрэгжээд 9 жил болсон байна. Би нэг зүйлд их баяртай байгаа. Манай АТГ, Швейцарийн Холбооны Улсын Прокурорын байгууллагатай хамтран надад Эрүүгийн хэрэг үүсгэн зэрэг шалгаж байгаа юм билээ. Энэ бол эцсийн дүндээ үнэн мөнийг нь нэг талд гарган шийдэх сайхан боломж боллоо гэж би харж байна. Манайхан дотоодын шийдвэрт итгэдэггүй. Тиймээс гадны байгууллагатай хамтрах замаар асуудлыг нэг талд гаргана гэсэн хүлээлттэй байна. Оюу Толгойн гэрээг анх байгуулахдаа чин шударгаар Монгол Улсад ашигтай байсан эсэх эргэлзээ нь надтай болон бусад хүмүүстэй холбоотой хийж буй шалгалтаар ил тод болно. Би үнэхээр баяртай байгаа" гэлээ. 
 
ТОМ ТӨСЛИЙН НЭР ХҮНДИЙГ УНАГАХ, ЗОГСООХ, ӨӨРЧЛӨХ ГЭСЭН СОНИРХОЛ
ГАДНЫ УЛС, КОМПАНИУДАД БАЙДАГ

Оюутолгойн төслийн Рио Тинто компанитай хийсэн гэрээг гардан удирдаж байсан хүний хувьд хардагдах, муу сайнаар яриулах, хамтрагчтайгаа янз бүрийн асуудлаар маргаан гаргах үе байнга гардаг гэдгийг Сангийн сайд асан С.Баярцогт хэлж байв. Мөн, 2009 онд энэ төсөл дээр ажилласан хүмүүс Монгол Улсынхаа төлөө чин сэтгэлээсээ чөмгөө дундартал зүтгэж байж Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Сайн гэрээ болсон гэж дүгнэдэг. Мэдээж дэлхий дээр төгс гэрээ байгуулагдах нь ховор. Гэрээг илүү сайжруулахын тулд байнгын хэлэлцээр явагддаг. 

2011 оны энэ гэрээний Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт хийсэн. Гэрээг удирдаж хийсний хувьд би 2009 онд Монголын хүртэх үр өгөөжийг 3 тэрбум ам.доллар, 2011 онд хийсэн гэрээний өөрчлөлтөөр 1 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж, 7 жил тутамд хөрөнгө оруулагчийн хүүгийн хэмжээг харилцан ашигтай байх заалтыг оруулсан. Одоо Засгийн газар хүүгээ дахин бууруулж, зохистой түвшинд хүргэх талаар дахин хэлэлцээ хийж байна. 

Эдийн засгийн холбоотой маргаан, хэлэлцээ энэ 70 жилийн турш олон Засгийн газрын үед үргэлжилнэ.  Оюутолгойн гэрээ байгуулагдснаар манай улсын эдийн засагт сайнаар нөлөөлсөн байдаг. Засгийн газар одоо хөрөнгө оруулалтын зээлийн хүүний асуудлаар хэлэлцээр хийж байгаа. Үе үеийн Засгийн газар  Оюутолгойн үйл ажиллагаанд гол анхаарлаа чиглүүлж ажилладаг. 

Миний хувьд Монгол Улсын хариуцлагатай, нэр хүндтэй албан тушаалуудыг хашиж, хүнд хэцүү шийдвэрүүдийг гаргаж байсан. Өөрийгөө болон гэр бүлээ аваад явах хэмжээний оюун ухааны болон бизнесийн чадвартай. Хувь хүнд их хэмжээний мөнгө ерөөсөө хэрэггүй. Хардах эрх хүн бүрт бий гэсэн уриатай улс төрийн өрсөлдөгчөө зайлуулах, эсвэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын тулгуур болсон энэ том төслийн нэр хүндийг гутаах, зогсоох, оролцогч талыг өөрчлөх гэсэн сонирхол гадны улс орон компаниудад үргэлж байдаг. 

Би ганцхан жишээ хэлье. 2009 оны 10 сарын 6-нд Оюу Толгойн гэрээ зурагдсаны дараа 2010 оны 10 сарын 6-нд ОХУ-д Монгол өртэй гэдгийг албан ёсоор зарласан. Энэ мэт үзэгдлийг бид бодолцох хэрэгтэй. Бид хоёр том хөрштэй. Тийм ч учраас үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолын баталгаагаа цэрэг дайны аргаар бататгаж чадахгүй. Аливаа улс эдийн засгийн аргаар тусгаар тогтнолоо баталгаажуулж байгаа. Манайх ч ийм үзэл баримтлалтай. Хоёр хөршөөс авах хөрөнгө оруулалт гадаад худалдааны эргэлт нийлээд 60 хувь, үлдсэн 40 хувийг бусад улс орноос авч байх нь зүйтэй гэсэн үзэл баримтлалтай. Оюу Толгойн гэрээ бол гуравдагч хөрш орны хамгийн том хөрөнгө оруулалт байсан. Монгол Улс нэг ч төгрөг гаргахгүйгээр энэ бүтээн байгуулалтууд хийгдэж байгаа, төсөл эхэлсэн өдрөөс Оюу Толгой татвараа төлж байгаа. Маш их ажлын байр, хөрөнгө оруулалт, ноу-хау, менежментийн туршлага дагуулж ирсэн. Дэлхийн хоёрдугаарт ордог том компани Монголд ажиллаж байгаа бол бид ч ажиллаж болох нь гэсэн итгэл үнэмшлийг олон  хөрөнгө оруулагчдад төрүүлсэн. 

Тийм учраас Оюу Толгойн гэрээг хүчингүй болгоод, өөр тоглогч оруулж ирэх сонирхол хэнд байж болох вэ. Бид эвтэй байж, эдийн засгийн хувьд хүчирхэг байж тусгаар тогтнолоо баталгаажуулна. Эх оронч байна гэдэг бусад улстай найрсгаар зэрэгцэн оршиж, улс орноо хөгжүүлэх ч зүй ёсоор орох юм. Үүнд бид хувь нэмрээ оруулах ёстой. Би энэ дагуу л Монголын төрд 20 гаруй жил ажилласан. Надтай холбоотой тендер, авлигын нэг ч асуудал болж байгаагүй. Оюу Толгойн гэрээг зурсанаас хойш энэ асуудлууд яригдаж эхэлсэн. Тийм учраас Монгол, Швейцарийн хуулийн байгууллагууд хамтарч ажиллаад энэ бүхэнд цэг тавиасай. Би өөрийн карьер, нэр төрөөрөө дэнчин тавьж байж олон ажлыг Монголын төрийн төлөө хийсэн. Оюу Толгойн гэрээ 4, 5 Засгийн газар, 3 УИХ дамжаад байгуулж чадаагүй л  байсан шүү дээ. Чингисийн хөшөөг Сүхбаатарын талбайд байрлуулж, Сүхбаатар, Чойбалсан, Самбуу гуайн булшийг зөөж байхад миний хажууд нэг ч улс төрч байгаагүй шүү. 


НАДАД ШВЕЙЦАРЬТ ЯМАР НЭГЭН КОМПАНИ, ДАНС БАЙХГҮЙ

"Ройтерс" агентлаг дэлхийд нэртэй хэвлэл мэдээллийн байгууллага. Гарсан мэдээг нь хүмүүс үнэн гэж хүлээж авдаг. Гэвч мэдээлэл дотор хэт субъектив дүгнэлт орсон байсан. Үүн дотор бичигдсэн хоёр тоо үнэн байсан. Одоо үүнийг ялгаж салгаж яримаар байна. 

Миний бие 2006 онд хөлөө хугалаад 6 сар хэвтэрт байсан. Тэр үед би улс төргүйгээр өөр юу хийж чадах вэ гэж бодож байгаад мэргэжлийнхээ дагуу олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцааны бизнес хийж чадах юм байна гэсэн санаа олсон. Би өмнө нь үүнийг хийж чадах юм байна гээд ХБНГУ-аас төгсч ирэхдээ 20 мянган доич маркийн төсөлтэй ирсэн Монголын анхны оюутан болсон. Дараа нь Колумбын их сургуульд сурч байхдаа 70 гаруй мянган ам.долларын тэтгэлэг авч байсан. Бүгдийг нь би төсөл бичээд л авсан. Ингээд өөрийн бизнест тулгуурлаад Монголын нэр бүхий бизнесмэнээс зээл авч 8.2 сая еврог Швейцарьт 5 сард нээлгэсэн дансандаа байршуулсан. Нэг данс нь оффшортой холбоотой данс байсан. Харамсалтай нь 2008-2009 онд хямрал болж зээл өгсөн байсан бизнесмэн бүх мөнгөө татаж авсан. Үлдэгдэл мөнгийг 2013 онд бүх данс, компани хаагдахад дуусгасан.  

Одоо надад Швейцарьт ямар нэгэн данс, компани байхгүй. Харамсалтай нь саяхан царцаасан данс бол надад тус болж өөрийнхөө данснаас миний мөнгийг шилжүүлж байсан монгол хүний данс. Тэр бол Монголын л мөнгө.  Тиймээс шалгалт дуусахаар энэ хүнд мөнгийг нь гаргаж өгөх байх. Ийм л асуудал болсон. Оюу Толгойн гэрээнээс жилийн өмнө, хувь гишүүн байхдаа хийсэн бизнесийн асуудлыг хөндөж, холбож уялдуулж байгаагаараа "Ройтерс"-ийн мэдээлэл маш учир дутагдалтай, субъектив, олон улсын агентлагийн нэр хүндийг унагасан. Яагаад гэвэл энэ мэдээлэл гарсны дараа Нью Иоркийн хөрөнгийн биржид Рио Тинтогийн хувьцаа унасан. Энэ хэний ашиг сонирхол вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тийм учраас ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. 
 
АН-ААС ГАРГАСАН ШИЙДВЭР МАШ ЭМГЭНЭЛТЭЙ

АН-аас гаргасан шийдвэрийн тухайд маш эмгэнэлтэй. Надаас энэ мэдээллийн талаар нэг ч зүйл асуугаагүй. Шүүхээр тогтоогдоогүй байхад хүнийг гэм буруутай гэж үздэггүй. Манай намын удирдлагууд дуулианыг ашиглаад л маш хурдан шийдвэр гаргалаа. Хэлмэгдүүлэлтийн маш гашуун туршлага надад харагдаж байна. С.Баярцогтыг ингэж болдог юм байж. Гэхдээ энэ бүхэн даамжирвал дарангуйлал руу ордог юм. Бид үндсэн суурь зарчим болон шашин шүтэх, хувийн өмч, хүний эрхийн асуудлыг зөрчих юм бол ардчилсан нийгмийн суурь зарчим ганхана. 

Өнгөрсөн 28 жилийн хугацаанд бид нэгдсэн бодлого явуулж чадсангүй гэж бид харамсаж байна. ОХУ-д болсон сонгуулиар Путин яллаа. Түүний бодлого буюу нэгдсэн бодлогоор 24 жил ОХУ нэгдсэн бодлоготой явлаа. Урд хөршийг харсан ч адил. Бодлогын үргэлжлэл урт удаан хугацаанд явна. Улс төрийн хувьд тогтвортой, бодлогын хувьд залгамж чанартай байж хөгжлийн суурь болно. Бид холоос сургамж хайх хэрэггүй. Хамгийн ойр хоёр хөрш бодлогын залгамж чанарыг ямар урт хугацаанд авч явж байна. Ийм байдлаар бид хөгжлийг харах хэрэгтэй.

Хууль хүчний байгууллагуудын энэ шалгалтыг би асуудал шийдэгдсэн хойно нь дэлгэрэнгүй ярьж чадна. Болсон бүх зүйлийг авч үзвэл бараг л адал явдалтай уран сайхны кино зохиол ч болно. Над шиг Олон Улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн ерөнхийлөгчтэй өөрийн биеэр очиж уулзаж, ярилцлага хийсэн хүн байна уу. Авлигыг өөрийнхөө нэр дээрх дансаар авч, өгдөг хүн байхгүй. Авлига бэлэн мөнгөөр явагддаг. Тийм учраас дэлхий нийтээр шилэн данстай болохоор уриалж байгаа. Би зөв зүйл хийж байна гэж бодсон учраас өөрийн нэрээр данс нээж, компани байгуулсан. Миний хамгийн том алдаа бол Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй байсан. Үүнийхээ төлөө би хуульд байхгүй хэмжээний хариуцлага хүлээж УИХ-ын дэд даргынхаа суудлыг өгч байсан. Би Монголын улс төрд хамгийн залуу орж ирсэн учраас үлгэр жишээ болох ёстой гэж үзсэн. 


ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭ АВЛИГАГҮЙ, ШУДАРГА БОЛСНЫГ ХОЁР УЛСЫН
ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ХАРУУЛНА

Үнэхээр надад буруу байна гээд хариуцлага тулгавал би нэр төртэйгөөр хариуцлагаа үүрнэ. Оюу Толгойн гэрээ үнэхээр зөв, ямар ч авлигагүй, шударга гэрээ болсныг та бүхэнд харуулна. Үүнийг би биш АТГ, Швейцарийн хуулийн байгууллага харуулна. 9 жил болоход энэ асуудал цэгцрэхгүй байгаа, цаашид 100 жил болох учраас энэ асуудлыг цэгцлэх ёстой. Би ийм цаг үе ирнэ гэдэгт итгэж байна. Бүх дансны мэдээлэлтэй танилцах эрх АТГ, Швейцарийн хуулийн байгууллагад нээлттэй байгаа. Хууль хүчний байгууллагад бид хүндэтгэлтэй хандана. Мэдээж хардах эрхтэй хэмээж буй хувь хүн, улс төрчдийг хүндэтгэнэ. Гэхдээ өөрийнхөө байр суурийг ч илэрхийлнэ. Үүнийг надаас өөр тайлбарлах хүн байхгүй. Би 2013 онд УИХ-ын гишүүн байхдаа АТГ-д шалгуулж байсан. Одоо жирийн иргэн болоод АТГ-д шалгуулж байна. Мөрдөн байцаалтын нууцыг задалж болохгүй учраас үүнээс дэлгэрэнгүй ярьж чадахгүй байна. Асуудал нь шийдэгдсэний дараа бүх болсон үйл явдлыг ярина. 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ