Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзлаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-03-21 18:53:20
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Говь-Алтай аймгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай танилцан, ард иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонслоо.
Түүнийг аймгийн удирдлагууд угтан авч, орон нутгийн нийгэм эдийн засаг, цаашид хийгдэх бүтээн байгуулалтын ажил, орон нутгийн хөгжлийн асуудлаар танилцуулга хийв.
Тэрээр 21 аймгийн 16 дахь аймагтаа хүрэлцэн ирж, ард түмэнтэйгээ нээлттэй ярилцлага өрнүүлж байгаадаа баяртай байна хэмээгээд уулзалт ярилцлагаа эхлүүлсэн юм. 
Уулзалтад оролцсон иргэд Ерөнхийлөгч Х.Баттулгаас сонгуулийн үеэр амласан иргэдийг зээлээс чөлөөлөх, офшорчдыг ил болгох, ахмадын тэтгэврийн насыг одоогийн байгаагаас нь нааш татах, тэтгэврийн зөрүүг арилгаж тэнцвэржүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар асууж байлаа. 
Мөн орон нутагт тулгамдсан асуудал болох Алтай хотыг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох, Дулааны станцыг барих асуудалд дэмжлэг үзүүлэх, уул уурхайн лиценз олголтод хяналт тавих, төрийн албыг ёс зүйтэй байлгах, боловсрол, эрүүл мэндийн салбарын ажиллагсадын цалинг нэмэгдүүлэх, цалингийн зээлийн хүүг бууруулахад анхаарч ажиллахыг хүссэн юм. 
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Иргэдийн хамгийн их асууж байгаа офшор данстай холбоотой болон өр зээлийг хөнгөлөх, чөлөөлөх мөн байгалийн баялгийг иргэдэд эрх тэгш хуваарилах асуудлаар миний байр суурь хэвээрээ байгаа. Өнгөрсөн онд Тавантолгой нэг их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна. Улсад 213 тэрбум төгрөгийн татвар төлж, 200 гаруй тэрбум төгрөгийн “Чалко”-гийн өрийг дарж, 438 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Зөвхөн Тавантолгой гэж ганцхан ордын тухай ярихад л ийм байна. Тэндээс нь идэж уухгүй, үр дүнтэй ашиглаад явах юм бол ганцхан ордоос ийм их ашиг гарч байгаа юм чинь ордуудыг зөв ашиглаж, зарцуулж чадах юм бол 380 мянга гаруй ахмадын авсан 680 орчим тэрбум төгрөгийн өрийг тэглэх боломжтой. Газрын доорх баялаг ард түмнийх гэж биччихээд хэдхэн хүн энэ ордуудаас баяжих ёсгүй” гэдгийг онцлон хэлсэн юм. Мөн уулзалтын төгсөгөлд “Бид ард түмэнтэйгээ уулзсанаараа төр засаг, УИХ-д иргэдийн санаа бодлыг хүргэх, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын цаашдын бодлого үйл ажиллагаанд тусгаж ажил хэрэг болгохыг зорьж байгаа” гэдгээ илэрхийлсэнээр энэхүү уулзалтаа өндөрлөлөө.
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ