Чингис хотод нарны цахилгаан станц барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-03-21 19:15:55
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн төв Чингис хотод нарны эрчим хүчээр ажиллах цахилгаан станц барихаар судалгааны ажил хийж эхэллээ.

Энэхүү төслийг хэрэгжүүлэхээр Япон улсын талаас хөрөнгө оруулагчид, тоног төхөөрөмж нийлүүлэгч Даниулсын төлөөллүүд, Монгол Улсын талаас гүйцэтгэгч ICO компанийн удирдлагууд хүрэлцэн ирж, тус аймгийн Засаг даргад төслөө танилцуулаа. Уг төсөл хэрэгжсэнээр түлшээр дулаан үйлдвэрлэхийг зогсоож, нарны энергийг ашиглан айл өрх, албан байгууллагууд найдвартай дулааны эх үүсвэрээр хангагдах бөгөөд агаарын бохирдлоос хамгаалах давхар ач холбогдолтой юм.

Тус ажлын хэсгийн анхны тооцоо судалгаагаар нийт ашиглаж байгаа дулааны 10-80 хувийг нарны эрчим хүчээр солиход 15-80 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Энэхүү хөрөнгийг Япон улсын талаас удаан хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хөрөнгө оруулалт хийх боломжтой аж.

Ажлын хэсэг Чингис хотод хоёр хоног ажиллаж, Эрчим хүчний зохицуулах зөвлөл, “Хэнтий Ус” ХХК, Статистикийн хэлтэс, “Оч манлай” ХХК зэрэг байгууллагын удирдлагуудтай уулзаж, холбогдох мэдээллийг авчээ. Ийнхүү ТЭЗҮ-ээ нарийн хийсний дараа Хэнтий аймгийн удирдлагуудад дахин танилцуулж, эдийн засгийн хувьд үр ашигтай, технологийн хувьд тохиромжтой байвал нарны цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлэхээр боллоо.
Д.Одонтунгалаг
 

Холбоотой мэдээ