Мишээл Экспо төвд "ITM-2018" Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2018-03-24 12:15:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 
 "ITM-2018" Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 19 дэх жилдээ  энэ сарын 30-наас 4 дүгээр сарын 01-ний өдөр Мишээл экспо төвд болно.
Үзэсгэлэн нь оролцогчдын тоо, цар хүрээний хувьд Монгол улсын хэмжээнд зохион байгууллагддаг хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн төдийгүй, нийслэл хот, 21 аймаг орон нутгийн төлөөлөл бүрэн хамарч шинэ бүтээн байгуулалт, үйлчилгээгээ сурталчлан танилцуулдагаас гадна аялал жуулчлалын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх, гадаад, дотоодын судлаачдын төрөлжсөн хэлэлцүүлэг, семинарт оролцох боломжийг бий болгодог давуу талтай.
Энэ жилийн хувьд үзэсгэлэн 3 хоног үргэлжлэх бөгөөд эхний өдөр нийтэд хаалттай, оролцох хүмүүс зөвхөн мандаттай ирэх юм. Энэ үеэр аялал жуулчлалын чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн солилцооны талаар хэлэлцүүлэг болохоос гадна, төрөл бүрийн бизнес уулзалт, гэрээ хэлэлцээр баталгаажуулах B to B өдөрлөг болно. Оролцохыг хүсэгчид мандатыг тухайн өдөр үзэсгэлэнгийн танхимын үүднээс шууд авч болох юм байна. 
Харин энэ амралтын өдрүүдэд үзэсгэлэн үнэ төлбөргүй, нийтэд нээлттэй зохион байгуулагдана. Үзэсгэлэнгийн сүүлийн өдөр "Аялал жуулчлалын хөдөлмөрийн бирж” зохион байгуулна. Энэ удаагийн үзэсгэлэнд ОХУ-ын Буриад, Тува улс, БНХАУ, БНСУ, Япон, Турк улсын төлөөлөгчид оролцоно. 
Энэхүү үзэсгэлэнд оролцсноор бизнесийн шинэ түнштэй болох, гадаадад жуулчин илгээгч компаниудын шинэ бүтээгдэхүүний сурталчилгаа, аяллын хөтөлбөртэй танилцах, хямдралтай үнээр захиалах, жуулчны байр сууцны үйлчилгээ эрхлэгчдийн үнийг хөнгөлттэй үнээр авах, гэрээгээ баталгаажуулах, аяллын даатгалын иж бүрэн үйлчилгээтэй танилцах, аялал жуулчлалын шинэ чиг хандлагын талаар гадаад дотоодын судлаачдын лекцэнд хамрагдах зэрэг боломжоор хангагдана. Мөн Монголд үйл ажиллагаа эрхлэгч авиа компаниудын санал болгох шинэ аяллын маршрут, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга зэрэг олон боломжийг нэг дороос хүртэнэ. 
Аялал жуулчлал болон хэлний чиглэлээр их дээд сургууль төгссөн, мөн суралцаж байгаа оюутан залуус, хөтөч тайлбарлагч, жолооч, тогооч нар хүрэлцэн ирж тур оператор, жуулчны бааз, зочид буудал зэрэг аялал жуулчлалын байгууллагуудад бүртгүүлэн ажилд орох, дадлага хийх газраа эртнээс сонгох боломжийг бий болгож байна. 
Ерөнхий зохион байгуулагч Монголын Аялал  Жуулчлалын холбоо,  хамтран зохион байгуулагчаар  БОАЖЯ ажиллах юм.

Холбоотой мэдээ