Каталонид болсон мөргөлдөөний улмаас олон хүн бэртэж гэмтжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-26 10:59:46
МАДРИД. /РИА Новости/. Испанийн Каталони мужид цагдаа нар болон жагсаалд цуглаанд оролцогчдын хооронд мөргөлдөөн гарсны улмаас 50 хүн бэртэж гэмтжээ.

Барселон дахь Германы консулын газар, Каталони муж болон Тарагон, Лерид, Жирод зэрэг хотууд дахь Испанийн засгийн газрын төлөөлөгчийн газрын байрнуудын дэргэд болж буй энэхүү өргөн хүрээтэй жагсаал цуглааныг хийх болсон шалтгаан нь Каталони мужийн захирагч асан Карлес Пучдемоныг Германы цагдаа нар баривчилсантай холбоотой юм.

Хэв журам сахиулагчид руу эсэргүүцэгчид утаа гаргагч, лонх болон лааз шидсэний хариуд цагдаа нар резинэн бороонхой ашигласан байна.

Жагсаал цуглааныг “Каталонийн үндэсний ассамблей” болон “Omnium Cultural” олон нийтийн байгууллага санаачлан, Каталони мужийн хотууд дахь Испанийн Засгийн газрын бүх төлөөлөгчийн газрын байрны дэргэд жагсаал цуглаан хийхийг уриалжээ.  

Өнгөрсөн оны аравдугаар сард Каталони мужийн парламент Испаниас тусгаар тогтнож байгаагаа дангаар зарлан тунхагласантай холбогдуулан Испанийн төв Засгийн газар тус мужийн өөртөө засах эрхийг нь түдгэлзүүлж, К.Пучдемон болон түүний засгийн газрын гишүүдийг албан тушаалаас нь огцруулж, парламентыг нь тарааж, орон нутгийн сонгууль явуулах шийдвэр гаргасан билээ.
 
Бельги рүү зугтсан К.Пучдемоныг Испаниас тусгаар тогтнох асуудлаар Каталонид бүх нийтийн санал асуулга явуулахыг хориглосон хэдий ч санал асуулга явуулж, тусгаар тогтнолоо дангаар тунхаглан Үндсэн хууль зөрчиж, хөл үймээн дэгдээсэн гэх үндэслэлээр Испанийн холбогдох албаны хүмүүс эрэн сурвалжилж байсан юм. Түүнийг Финландын нийслэл Хельсинки хотод болсон нэгэн хуралд оролцоод Бельги рүү автомашинаар буцаж явахад нь Германы хойд нутгийн Шлезвиг-Гольштейн мужаас ням гарагийн буюу өчигдөр үдийн 11:19 цагт баривчилсан байна. Одоо тэрбээр Германы Ноймюнстер хотын шоронд хоригдож байна.
 
Германы цагдаа нар мэдэгдэхдээ “Европын Холбооны гишүүн улс орнуудад мөрдөгддөг сэжигтнийг баривчлах тогтолцоонд үндэслэн түүнийг баривчилсан” гэжээ.
 
Э.Аянзаяа  



Холбоотой мэдээ