Австрийн тусламжтай хэрэгжих “Тайшир-Aлтайн усан хангамжийн төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-03-30 17:51:54
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Алтай хотын хүн амын тулгамдсан асуудлын нэг болох ундны усыг шийдвэрлэх зорилгоор хэрэгжих “Тайшир-Алтайн усан хангамжийн төсөл”-ийг албан ёсоор эхлүүлэхээр хэрэгжүүлэгч талууд өнөөдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Уг төслийг Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 14,0 сая еврогийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бөгөөд төслөөр Тайшир сумын усан сангаас эргийн далд байгууламжаар гадаргын усыг 52 км шугам хоолойгоор дамжуулан аймгийн төвд Есөнбулаг суманд хүргэж хүн амыг ундны усаар хангах юм. 
Төслийн хэрэгжүүлэгчээр Монгол Улсын Барилга хот байгуулалтын яам, Бүгд Найрамдах Австри Улсын Тиролер Рооре компаниуд ажиллах юм байна. 
Энэ төсөл нь Монгол Улсад гадаргын усны эх үүсвэрийг хүн амын ундны усны хангамжид хэрэглэж эхлэх анхны шийдэл болж буйгаараа онцлогтой юм.
Одоогоор Говь-Алтай аймгийн  төвийн иргэд 30 гаруй км-ийн зайд орших "Харзат"-ын худгаас ундны усаа зөөн  хэрэглэж байна.
2015 онд ундны усны стандартад  нийцсэн зөөлрүүлсэн усыг хэрэглүүлэх зорилгоор Тайшир сумд "Эрүүл ус" нэртэй үйлдвэр байгуулж, Алтай хотын иргэдэд 20 литрээр савлан нэг сав усыг 500 төгрөгөөр түгээсээр байна. Үүнд Алтай хотын нэг өрх жилд 90 орчим мянган төгрөгийг ундны усанд зарцуулдаг судалгаа бий.
Тус аймгийн иргэдийн  хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгүүд, ходоод, элэг, цөсний өвчлөл нь стандартад нийцээгүй, хатуулаг ихтэй ус ундандаа хэрэглэдгээс шалтгаалдаг гэж эрүүл мэндийн салбарынхан үздэг. Тиймээс энэ төсөл хэрэгжсэнээр ард иргэдэд стандартын шаардлага хангасан ундны усыг авч, дээрх өвчлөлүүд буурах боломж бүрдэж буй юм.
 
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ