Шалгарсан төсөлд 10 хүртэл сая төгрөгийн зээлийг хүүгүй, барьцаагүй олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-03-30 20:51:54
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группын хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл манай аймагт 2 дах жилдээ хэрэгжиж байна. Энэ төсөлд хамрагдах залуус сургалтад хамрагдаж эхэлжээ.
Залууст гарааны бизнес эхлүүлэх, өргөжүүлэх сэдэл, урам зориг өгөх, гарааны бизнес эрхлэгч залууст бизнесээ өргөжүүлэх мэдлэг, мэдээлэл өгөх, оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгуулах, Шилдэг бизнес санаануудыг шалгаруулж гарааны бизнесийг дэмжих зорилготой энэхүү төслийн бүртгэл манай аймагт энэ сарын 9-нөөс 26-ны өдрийг хүртэл явагдлаа. Тус бүртгэлд нийтдээ 100 гаруй залуус бүртгүүлсэнээс 64 залуу өнөөдрөөс эхлэн ийн 54 цагийн сургалтад хамрагдаж эхэлж байгаа ажээ.
Шинэ, шинэлэг санаагаа уралдуулан өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэх хүсэлтэй 15-34 насны залуус энэхүү төсөлд хамрагдаж байна.
Эхний байранд шалгарсан төсөлд буцалтгүйгээр 10 сая төгрөг олгох ажээ. Харин 2,3,4,5 дугаар байранд шалгарсан төсөлд Аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тус бүр 10 сая төгрөгийг гурван жилийн хугацаанд хүүгүй, барьцаагүйгээр олгох давуу талтай аж.
Залуус 54 цагийн сургалтад хамрагдсаны дараагаар өөрсдийн бичсэн төслөө танилцуулж шалгаруулалтад оролцох ажээ.
Өнгөрсөн онд зөгийн аж ахуйн төсөл шалгарч 10 сая төгрөгийн санхүүжилт авсан бол удаах байранд цахилгааны засвар үйлчилгээний төсөл хүүгүй, барьцаагүй гурван сая төгрөгийн зээлэнд хамрагджээ.
 
Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ