"Бүтэн монгол бичиг” цахим хөдөлгөөнийг өрнүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-04-01 19:19:17
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, орон нутаг хариуцсан Дэд Ерөнхийлөгч А.Батбаяр болон МСНЭ-ийн ажлын албаныхан 2018 оны дөрөвдүгээр сарын нэгний өдөр Говь-Алтай аймагт хүрэлцэн ирж, орон нутгийн салбар зөвлөл, сэтгүүлч уран бүтээлчидтэй уулзаж, санал бодлоо солилцов.
Тэрээр эвлэлийн шинэ бүтэц зохион байгуулалт, бодлого, ажлын албаны тухай танилцуулж, хөдөө орон нутагт хийх ажлынхаа талаар мэдээлэл хүргэж, чиглэл өгч ажиллалаа. Тухайлбал МСНЭ-ээс аймгийн салбар зөвлөлтэй хамтран гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг хийх, цахимжуулах, сумдад төлөөлөгч гишүүдтэй болох, дотоод болон гадаадад сэтгүүлч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх мөн энэ онд эвлүүлэгч, зураглаач, график дизайн, сэтгүүлчдийн сургалтуудыг зохион байгуулах ажээ. Мөн Монгол Улсад сэтгүүл зүйн байгууллага үүсч хөгжсөний 105 жилийн ойн арга хэмжээний хүрээнд "Бүтэн монгол бичиг” цахим хөдөлгөөнийг өрнүүлэх, Редакторуудын улсын зөвлөгөөнийг зохион байгуулах, Орон нутгийн сэтгүүлчдийн форумыг зохион байгуулах, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан "Чадварлаг сэтгүүл зүй” цуврал сургалт, төрөлжсөн хэлэлцүүлэг, хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан "Хараат бус сэтгүүл зүй – Үндэсний форум”, ЮНЕСКО-оос зарласан "Олон улсын мэдэх өдөр”-т зориулсан өдөрлөг, Орон нутгийн салбар зөвлөлүүдийг дэмжих, чадавхжуулах зэрэг ажлуудыг төлөвлөсөн байна.
Уулзалтын үеэр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр "Манай сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхан маань улс орон, нийгэм, эдийн засаг, улс төр, боловсролын салбарын тулгамдсан асуудлыг анхаарч бичиж, нэвтрүүлсээр ирсэн. Гэтэл бид өөрсдийгөө мартсан байна. Боловсролын салбар, эрүүл мэндийн салбар гэдэг шиг сэтгүүл зүй нь 105 жилийн түүхтэй салбар. Тийм учраас одоо өөрсдийнхөө, сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудалд анхаарах цаг болсон байна. Салбарынхаа хөгжлийг ярихын тулд хөрөнгө мөнгө шаардлагатай болно. Бид хэн нэгнээс шууд мөнгө гуйна гэж байхгүй. Төр болон хувийн хэвшлийн компаниудтай хамтран ажиллах, тэдний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах байдлаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж хөрөнгө оруулалтыг шийдэх боломжтой юм” хэмээн онцлон хэлсэн юм. Харин орон нутгийн сэтгүүлчид "Биднийг ямар нэгэн сургалтад хамруулахдаа сэтгүүлчдийн ёс зүйн сэдвийг заавал багтаан мэргэжлийн хүмүүсээр сургалт оруулна уу, үүнээс гадна зураглаач, найруулагч нарыг чадавхжуулдаг байх, нийт сэтгүүлчдийн нийгмийн асуудалд анхаарал хандуулах цаг болсныг онцолж байна. Мөн салбартаа олон жил амжилт бүтээлтэй ажиллаж, орон нутгийн мэдээ мэдээллийг аймагтаа хүргэж буй сэтгүүлч уран бүтээлчдэд МСНЭ-ийн дээд шагнал "Ган үзэгтэн”, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа.
Үүний зэрэгцээ МСНЭ-ээс салбар зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, сэтгүүлч уран бүтээлчдийн ажиллах орчин нөхцөлийг хангах үүднээс компьютер, принтерийг МСНЭ-ийн Говь-Алтай аймгийн салбар зөвлөлийн дарга Ч.Дэлгэрмаад гардуулж өгсөн юм.
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ