Завханы мэс заслын эмч нар тархины цус хуралтын хагалгааг амжилттай хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч нар Улсын буюу III шатлалын эмнэлэгт хийгддэг тархины хөндийн мэс заслыг амжилттай хийжээ.
Тодруулбал мотоциклийн осолд орж тархиндаа гэмтэл авсан иргэний тархины хатуу хальсны дотор гадна талд хурсан цусыг авах нээлттэй хагалгааг энэ сарын 1-ний өдөр хийжээ. Энэхүү хагалгааг аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын зөвлөх, Монгол Улсын Хүний гавъяат эмч У.Оргилын удирдлаган дор мэс заслын их эмч Э.Түдэв болон н.Нэргүйхүү нарын таван эмч, сувилагч хоёр цаг гаруй амжилттай хийсэн байна.
Мэс заслын эмч нар өнгөрсөн жил орон нутагтаа III шатлалын эмнэлэгт хийгддэг элэгний хавдартай өвчтөнд элэг тайрах, нойр булчирхай задарсан үед нөхөх, ходоод тайрах, гэхчлэн нээлттэй хагалгаануудыг амжилттай хийсэн юм. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт тархины субдурал болон эпидурал цус хуралтын хагалгаануудыг амжилттай хийхээс гадна дунд чөмөг шилбэний хугарлуудыг аймагтаа хаддаг болсон байна. "Орон нутагтаа томоохон хагалгаануудыг амжилттай хийж байгаа. Энэ жилээс эхлэн дурангийн хагалгааг аймагтаа хийдэг болно" хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Цогзолмаа хэллээ.
Б.Мягмарсүрэн