“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй-2018” сарын аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-04-06 13:55:42
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн ЗДТГ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Ажил олгогч эздийн холбоо гэх мэт төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг сайжруулах, эрсдэлгүй, аюулгүй, эрүүл ажлын байрны орчныг бий болгох, ажилтнуудад аюулгүй ажиллах зан үйл, соёлыг төлөвшүүлэх зорилгоор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй-2018” сарын аяныг өрнүүлэхээр, өнөөдөр нээлтээ хийлээ. 
Аяны хүрээнд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомж, стандартыг аж ахуйн нэгж, байгууллага, ажлын байранд мөрдүүлж хэвшүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи хууль тогтоомж, стандартын талаар мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлууд зохион байгуулагдана.
Мөн Ерөнхий боловсролын сурагчдын дунд “Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр” гар зургийн уралдаан, эссэ бичлэгийн уралдаан, байгуулагуудын дунд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”-г эрхэмлэгч байгууллагыг шалгаруулах юм байна.
Жил бүрийн хавар зохиогддог уг аян энэ жил Говь-Алтай аймагт дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл “Эрүүл аюулгүй шинэ үеийн төлөө” уриан дор үргэлжлэх юм.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ