Завханд хөдөлмөрийн салбарын эрэлт нийлүүлэлтийн судалгааг анх удаа хийх гэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-04-07 01:05:59

Завхан/МОНЦАМЭ/. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ямар төсөл хөтөлбөрүүдийг орон нутагт хэрэгжүүлж байгаа талаарх дэлгэрэнгүй ярилцлагыг Завхан аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Т.Пүрэврагчаатай хийлээ.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хөдөлмөр эрхлэлтийн талаарх төрийн бодлого ямар байна вэ?  Танай хэлтэс яг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
-Монгол Улсын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль нь хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж, түүний төрөл, хэлбэр, хамрах хүрээ, санхүүжилт, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын тогтолцоотой холбогдсон харилцааг зохицуулахаар батлагдсан байдаг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай, Нийгмийн даатгалын тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай, Нийгмийн халамжийн тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрддэг. Энэ хуулийн хүрээнд Монгол улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, арга хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг арга хэмжээ чиглэлээр хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг зохицуулж хэрэгжүүлж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ гэдэгт ажлын байр бий болгох, иргэдийг санхүүгийн дэмжлэг хөтөлбөрт хамруулах, сургалтанд хамруулах, нийтийг хамарсан ажилд хамруулж түр ажлын байраар хангах, зохион байгуулалттай бүлгээр ажлын байрыг бий болгох зэрэг үйл ажиллагааг хэлж байгаа юм.
Харин нийтлэг арга хэмжээ гэдэг нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн судалгааны үндсэн дээр ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлах гэсэн үйл ажиллагаа явуулахыг хэлдэг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ гэдэгт мөн төсөл хөтөлбөрүүд бий. Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл гэж бий. Энэ зөвлөлийн даргаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд томилогдон ажилладаг. Манай байгууллага орон нутагт хөдөлмөр эрхлэлтийн хуулинд заагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилладаг.
-Тэгэхлээр Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр ямар хөтөлбөрүүд батлагдаж хэрэгжиж байгаа вэ?
-Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс 2017, 2018 онд Монгол Улсад хэрэгжих зургаан хөтөлбөрийг гаргасан байгаа. Нэгдүгээрт ажлын байрыг дэмжих хөтөлбөр юм.  Энэ хөтөлбөр нь ямар зорилготой вэ гэхлээр хувиараа бизнес эрхлэн үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой байгаа. Харин дараа нь залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр гэж бий. Энэ нь 19-25 насны залуучуудын бизнес эрхлэх түүнийг дэмжих буюу сургалтанд хамруулах, шинэ шилдэг бизнесийн санааг бойжуулах гэх мэт үйл ажиллагааг дэмжих зорилготой хөтөлбөр юм. За мөн старт-ап хөтөлбөр буюу гарааны бизнесийг дэмжих чиглэлээр энэ хөтөлбөр мөн хэрэгждэг байгаа. Гуравдахь хөтөлбөр нь Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр буюу 39 хүртэлх насны малчдыг малжуулах төсөл юм. Залуу малчин, цөөн малтай иргэдэд мал маллагааны арга ажиллагааны болон аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах арга хэмжээг хэрэгжүүлж өрхийн орлогыг нэмэгдүүлэх нь энэ хөтөлбөрийн зорилго юм.  Тухайлбал 50-150 толгой малтай бол таван сая төгрөгийг, 150-200 толгой малтай бол дөрвөн сая төгрөгийн малыг худалдан авч өгөх арга хэмжээг зохион байгуулна. Эдгээр мал нь залуу, төллөх насны мал байдаг. Учир нь малыг цаашид өсгөж үржүүлэхэд дэмжлэг үзүүлж буй хэрэг юм. Ингэснээр дан гэрийн эзэн ажлын байртай болоод зогсохгүй эхнэрийг нь ажилтай болгох буюу хоёулаа мал маллаж ажлын байртай, амьжиргаатай болж байгаа юм. Мөн энэ хөтөлбөрийн нэг хэсэг нь аж ахуй эрхлэх сургалт болон туршлага судлах уулзалтуудыг зохион байгуулах ажил юм. Энэ нь аймаг, улсын сайн малчдыг залуу малчидтай уулзуулах тэдний мал маллагааны арга туршлагыг судлуулах, залуу малчдад заавар зөвлөгөө өгөх, хөдөө аж ахуйн газарт олон жил ажилласан ахмадуудтай уулзуулж сургалт зөвлөгөө өгүүлэх арга хэмжээг мөн хөтөлбөрийн хүрээнд давхар зохион байгуулдагаараа энэ хөтөлбөрийн үр дүн сайн, онцлогтой байдаг. Дөрөвдүгээрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдрүү хандсан хөтөлбөр бий. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бизнес эрхлэхийг нь дэмжихэд чиглэгдсэн хөтөлбөр байдаг. Тавдугаар хөтөлбөр нь ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх гэсэн хөтөлбөр байна. 
-Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр гэж юу вэ?
-Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр маань хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээрт санхүүгийн дэмжлэг үзүүлэх. Ахмадууд маань хэдийгээр тэтгэвэрт гарсан ч гэсэн бизнес эрхэлдэг ахмадууд байдаг тэдний бизнесийг өргөжүүлэх, мөнгөн тусламж үзүүлэх арга хэмжээ юм. Харин хоёрдугаарт ахмад мэргэжилтнээр зөвлөгөө өгүүлэх. Энэ нь тухайн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, тухайн салбартаа мэргэшсэн, туршлагатай ахмадуудаар шинэ залуу боловсон хүчнийг сургах ажлыг тухайн байгууллагатай нь гэрээ хийх үндсэн дээр сургалт зохион байгуулах үйлчилгээг хэлж буй юм.
-Хөдөлмөрийн ур чадвар олгох хөтөлбөр гэж байдаг. Үүнийг тодруулбал?
- Хөдөлмөрт бэлтгэх хөдөлмөрийн ур чадвар олгох хөтөлбөр нь ерөнхийдөө сургалтын хөтөлбөр байдаг.  Энэ нь иргэдийг хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээ болон хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох сургалтанд хамруулж хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн ажлын байранд дадлгажуулах замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрт ажилгүй иргэн, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэн, сургууль завсардсан хөдөлмөрийн насанд хүрсэн хүүхэд, 15-34 насны залуучууд хамрагддаг. Хөтөлбөрийн хүрээнд нэгдүгээрт хөдөлмөрт бэлтгэх, хоёрдугаарт хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгодог сургалтуудудыг хийдэг. Тухайлбал мэргэжлийн болон давтан сургалт гэж явагддаг. Энэ нь үсчин, гагнуурчин, цахилгаанчин, мужаан зэргийн мэргэжил олгох сургалтыг аймгийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний газраас хийгээд төгсөгчдөд чадамжийн гэрчилгээг нь олгодог. Энэ мэргэжлийн чиглэлүүдээр сургалтанд хамрагдсан иргэд маань цаашид үйл ажиллагаагаа явуулах өөрийн бизнесээ эрхлэх боломжтой болдог.  Хоёрдугаарт үйлдвэр дээрх сургалт гэж байгаа. Жишээлбэл манай аймагт барилгын салбар илүү хөгжиж байна.  Дурын нэг барилгын компанид арван залууг ажиллуулаад нэг чиглэлээр сургах дадлагажуулах үйл ажиллагаа явагддаг. Тухайн сургалт явагдаж дуусаад тухайн компани тэр арван залуутай гэрээ байгуулан цаашид ажлын байраар хангах ажиллагааг энэ хөтөлбөрийн хүрээнд хийж байна. Мөн хөдөлмөрт бэлдэх арга хэмжээг хийж байна. Тухайлбал ажилгүй байгаа залуусыг сургалт хөтөлбөрт хамруулснаараа цаашид хэрхэн хөдөлмөр эрхлэх вэ? Ямар үйл ажиллагаа явуулах вэ? гэдгийг нь зааж сургадаг. Ийм зургаан чиглэлээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд маань хэрэгжиж байна. Эдгээр хөтөлбөр нь 2018 онд гурван үе шаттайгаар явагдана. Дээрх арга хэмжээнүүд маань тусдаа дараалалтай хэрэгждэг.
-Энэ долоо хоногт хөтөлбөрийн сургалтууд эхэлнэ гэсэн?
-Тиймээ. Манай хөтөлбөрт хамрагдах иргэд маань эхлээд аж ахуй эрхлэлтийн хөтөлбөрийн хүрээнд сургалтанд хамрагдсан байх ёстой. Энэ сургалтаар төслөө хэрхэн бичих вэ, бизнесээ яаж эхлүүлэх вэ, өргөжүүлэх гэж байгаа бол хэрхэн өргөжүүлэх вэ гэдийг эхлээд сурдаг. Ингээд сургалтанд хамрагдсаны дараа иргэд төслөө бичиж бидэнд өгнө. Манай хэлтэс иргэдээс ирүүлсэн төслийг хүлээж аваад шаардлага хангаж байвал санхүүжилтийг нь олгоод явдаг байгаа. Санхүүгийн дэмжлэг маань гурваас таван сая төгрөг хүртэл хэмжээтэй ба 100 хувь эргэн төлөлттэй гэхдээ хүүгүйгээрээ онцлог байдаг. Хугацааны тухайд 36 сар хүртэл бий. Мөн энэ сарын 20, 21, 22-нд старт-ап буюу залуучуудын гарааны бизнесийг дэмжих төслийн баг Завхан аймагт ирнэ.  Энэ сургалтын зарчим нь залуучууд бүлэг болон хуваагдаад шинэ санаа гарган түүнийгээ уралдуулах юм. Вакумжсан орчинд сургалт явагдах учир залуучууд маань сургалтын үеэр судалгаагаа гарган төслөө бичих хэлбэрээр явна. Мэдээж бүлэг болсон залуучуудыг “Start-Up Mongolia” ТББ-ынхан чиглүүлэн мэдээллээр хангах, төсөл бичих аргыг заах хэлбэрээр явуулна. Эндээс шалгарсан хамгийн шинэлэг, хэрэгжихэд тохиромжтой санааг 10 сая төгрөгөөр буцалтгүйгээр санхүүжүүлнэ. Дараагийн байранд орсон шинэ санаа бүхий төсөлд эргэн төлөх нөхцөлтэй 10 сая төгрөгний  санхүүжилтийн дэмжлэгийг олгох юм.  

-Энэ жил өөр ямар хөтөлбөр хэрэгжих вэ?
-2018 онд дээр дурьдсан зургаан хөтөлбөрөөс гадна Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас нэмэлтээр гурван төсөл хэрэгжүүлэхээр бодлого, чиглэл ирээд байна. Тухайлбал гэрээт малчны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Зохион байгуулалттайгаар ажлын байрыг бий болгох, Ур чадварт түшиглэсэн ажлын байрыг бий болгох гэсэн төсөл хэрэгжихээр болоод байгаа.
-Гэрээт малчны хөдөлмөр эрхлэлт гэдгийг тодруулбал?
-Гэрээт малчны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэдэг нь туслах малчин ажиллуулах, зуучлах үйл ажиллагааг дэмжих санхүүжүүлэх ажил юм. Харин зохион байгуулалттайгаар ажлын байр бий болгох гэдэг нь аймгийн төв дээр ажилгүй яваад байдаг хэсэг залуучууд байдаг даа тэднийг бүлгийн зохион байгуулалтанд оруулаад жилийн турш ажиллуулах. Ямар ажил хийлгэх вэ гэхээр хог цэвэрлүүлэх, өвөлжилт хүндэрсэн газарт зам даваа засуулах, цас цэвэрлэх, өвөлжөөний бууц хөрзөн ховхлох, цэцэрлэгжүүлэх гэх мэт ажлуудыг тэдгээр бүлэгт санал болгосноор ажил хийлгэх. Бүлгийн гишүүдийн цалинг хувийн дансанд нь хөдөлмөр эрхлэлийг дэмжих сангаас оруулах ийм хөтөлбөр юм. Ур чадварт түшиглэсэн ажлын байрыг дэмжих гэдэг нь манай сургалтанд хамрагдсан иргэдийг дэмжих, тоног төхөөрөмж авахад зориулсан 10 хүртлэх сая төгрөгний санхүүжилт олгох үйл ажиллагааг хэлж байгаа юм.
-Танай байгууллага Хөдөлмөрийн аюулгүй байдлын сарын аяныг амжилттай зохион байгуулж байна тодруулбал?
-Тиймээ. Хөдөлмөрийн аюулгүй байдлын сарын аяныг манай байгууллагаас зохион явуулдаг уламжлалтай. Дэлхийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн өдрийг угтаж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг энэ сарын 2-ны өдөр МУИС-ийн Завхан сургууль дээр сургалт, мэдээлэлийн хэлбэрээр эхлүүлсэн байгаа. Энэ үеэрээ Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль тогтоомж, Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ҮОМШӨ-өөс урьдчилан сэргийлэх соёл зан үйлийг төлөвшүүлэх, Ажлын байран дахь хүүхдийн хөдөлмөрийг устгах, хүүхэд ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалт зэрэг сэдвүүдийн хүрээнд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Даваадорж, МУИС-ийн Завхан сургуулийн сургалтын албаны дарга Д.Нар-Од, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Э.Рэнжиндорж, ҮЭХолбооны дарга Б.Ганбаатар нар мэдээлэл хийсэн. Энэ арга хэмжээнд Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, МУИС-ийн Завхан сургууль, Байгаль орчин аялал жуулчлалын газар , Эрчим хүч, Барилга, Холбоо, Шатахуун түгээх станц, Хүнс боловсруулах үйлдвэрлэл, Уурын зуухны ажилтан, ажил олгогч нарын 150 гаруй төлөөлөл болон аймгийн ХАБЭА-н салбар зөвлөлийн гишүүд оролцсон ба МУИС-ийн Завхан сургууль нь “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-ыг бий болгож, ажилчдынхаа эрүүл мэнд, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байгаа тэргүүн туршлагаа хуваалцан ажлын байрны дасгал хөдөлгөөний талаар сургалтанд оролцогчдод заасан байгаа. Дашрамд дуулгахад жил бүрийн 4 сарын 28-ний өдрийг Ажлын байран дахь эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын дэлхийн өдөр гэж тэмдэглэдэг. Энэ өдрийг манай улсад 2012 оноос эхлэн хэрэгжүүлж эхлээд байна. Энэ нь ямар зорилготой вэ гэхээр үйлдвэрлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх,  ажилтны эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр явагддаг сарын аян юм. Мөн энэ дөрөвдүгээр сард ойрын хэдэн жилд Завханд хийгдээгүй томоохон судалгаа хийгдэх гэж байна. Энэ юу вэ гэхээр Завхан аймгийн хөдөлмөрийн салбарын эрэлт нийлүүлэлтийн судалгаа гэсэн томоохон судалгаа хийгдэх гэж байна. Үүний бэлтгэл ажил болгож энэ сарын 17, 18, 19-нд Улаанбаатар хотоос төслийн ажлын баг ирнэ. Ингээд аймгийн Засаг даргын захирамжаар судалгаа хийх ажлын хэсгийг байгуулсан байгаа. Судалгааны ажлын хэсгийн ахлагчаар аймгийн Засаг даргын орлогч Ч.Пунцаг, нарийн бичгийн даргаар Политехникийн коллежийн захирал Т.Ренчинванжил нар ажиллана. Гишүүдээр манай газрын дарга, улсын бүртгэлийн хэлтэс, статистикийн хэлтэс, холбогдох мэргэжилтнүүд томилогдсон байгаа. Энэхүү судалгааны сургалтанд оролцох хүмүүсийн нэрсийг бид гаргаад төврүүгээ явуулчихсан байгаа. Шаардлагатай санхүүгийн тооцоог гаргачихсан сургалт эхлэхэд бэлэн болоод байна. Судалгааны ажлыг ирэх тавдугаар сараас эхлүүлэх гэж байна.
-Энэ судалгаа хийгдсэнээр ямар үр ашигтай вэ?
-Тиймээ. Энэ судалгаа хийгдсэнээрээ цаашид Завхан аймагт хөдөлмөрийн үйл ажиллагааг зорилтот бүлэгтээ хүргэх, мэдээллийн бааз суурьтай болох ач холбогдолтой. Жишээ нь аль суманд ямар мэргэжлийн боловсон хүчин дутагдаад байгаа, ямар мэргэжилтэн илүүдээд байгаа гэдгийг гаргах томоохон судалгаа болох юм.
-Өнөөдөр манай аймагт нийт хэчнээн ажил хайгч иргэн байна вэ?
-Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ гэж би түрүүн хэлсэн. Энэ нь хөдөлмөр эрхлэлтийг улсын хэмжээнд бүртгэж судалгаа гаргадаг программ байдаг. Эндээс харахад Завхан аймагт 1656 ажил хайгч бүртгэлтэй байна. Үүнээс ажилгүй гэсэн бүртгэлтэй 900 иргэн байна. Эхний улирлын байдлаар бид 84 иргэнийг ажлын байранд зуучилсан дүн мэдээтэй байна. Завхан аймагт үйл ажиллагаа явуулж буй иргэд манай хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажиллах эрмэлзэлтэй байдаг. Ер нь бол манай хэлтэс тодорхой аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээтэй. Тиймээс тэдгээр аж ахуйн нэгжүүд манайд шаардлагаа тавиад захиалга өгдөг бид бүртгэлээсээ хараад тохирох мэргэжилтэй иргэдийг зуучилж өгдөг.  
-Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт одоогийн байдлаар хичнээн хүн хамрагдаад байна вэ?
-Хөтөлбөрт зориулагдсан санхүүжилтүүд одоогоор олгогдоогүй байна. Бид Завхан телевиз, сошиал медиа, орон нутгийн Завхан сонинд хөтөлбөрүүдийг зарлаж олон нийтэд мэдээлж байна. Ер нь бол энэ жил ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 55 иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Нийтийг хамарсан ажилд 340 иргэнд түр ажлын байр бий болгоно. Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээнд бид 29-н ахмадыг хамруулна. Ахмадуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд таван ахмадыг хамруулахаар байгаа. Зөвлөгөө өгөх ахмадуудын саналыг сум сумаас авчихсан байна. Мөн зөвлөгөө авах байгууллагын саналыг авчихаад байж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ахмадын тоог дээрээс нь өгдөг учраас манай аймагт энэ жил 29 гэж батлагдсан байгаа.  Энэ батлагдсан квотоороо хөтөлбөртөө хамруулна.
-Танайх ажил мэргэжлийн зөвлөгөө өгдөг төвтэй болсон гэсэн энэ талаар мэдээллэхгүй юу?
-Тиймээ. Швейцарийн хөгжлийн агентлагийн  Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд манай аймагт ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх төвийг нээж өгөхөөр болсон. Энэ ажлын хүрээнд хөдөлмөр эрхлэгч залуучуудын загвар төвийг бид хуучинаар аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хоёр давхар байранд нээгээд байгаа. Төслөөс 25 сая төгрөгний тоног төхөөрөмжийг энэ төвд нийлүүлсэн. Өнөөдөр энэ төвд зөвлөгөө өгөхөд шаардлагатай бүх зүйл бий. Ширээ сандал компьютер бүгд бий. Загвар төв нь бүлгийн зөвлөгөө болон ганцаарчилсан зөвлөгөө, хөдөлмөр эрхлэлтийн талаарх бүх мэдээлэл, төсөл хэрхэн бичих, хөтөлбөрүүдэд яаж хамрагдах талаарх зөвлөгөөг өгч эхлээд байгаа. Одоогийн байдлаар 60-аад залуучуудыг бойжуулаад, зөвлөгөө өгөөд явж байна.
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэж ер нь ямар дэмжлэг үзүүлдэг сан бэ? Энэ сангийн санхүүжилтээр бичил зээлүүд олгогддог гэсэн.  Ер нь хэд хүртэлх төгрөгний зээлийг олгож байгаа вэ?
-Төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар дараах бодлогыг баримталж байна. Үүнд: Хүн амын хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх, ажиллах хүчний хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой түвшинг хангах.  Ажиллах хүчнийг хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн хөгжүүлэх.  Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн иргэний мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл судалгааг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанар үр ашгийг дээшлүүлэх. Мөн ажиллах хүчний дотоод зах зээлийг эзэмших, гадаадын зах зээлд мэргэшил, чадвар дээшлүүлэх. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд ажил хайгч, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэн, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн, ажил олгогч хамрагддаг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан нь улс, орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн чөлөөт үлдэгдлийг банканд хадгалуулсны хүү, гадаад иргэнийг гэрээгээр ажиллуулсан ажил олгогчийн төлөх ажлын байрны төлбөр, гадаад улс, олон улсын байгууллагаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор олгосон зээл, гадаад улс, олон улсын байгууллага, Монгол Улсын болон гадаад улсын аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, иргэдээс ХЭДС-д оруулсан хандив тусламж, хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүй аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх төлбөр болон бусад эх үүсвэрээс бүрддэг. ХЭДС-ийн хөрөнгийг дараах зүйлд зарцуулдаг байгаа.  Үүнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, ажилд зуучлах, хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах. Мөн ажил олгогчийг дэмжих, нийтийг хамарсан ажил зохион байгуулах, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих. Түүнчлэн ажил олоход хүндрэлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, сүлжээг бүрдүүлэх, ажиллуулах, шинэчлэх гэх зэрэг зүйлд зарцуулдаг. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх, гарын авлага, хэвлэмэл материал бэлтгэж хэвлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийлгэх. Сумын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зориулалтаар сум хөгжүүлэх санд хөрөнгө хуваарилах зэрэгт мөн зарцуулна. Тэгэхлээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр иргэн болон, аж ахуйн нэгжүүдэд бичил зээлийг олгодог. Энэ нь юу гэхээр ХЭДСангаас арилжааны банкуудад тодорхой хэмжээний мөнгө байршуулчихдаг. Өнгөрсөн жилийн тухайд Голомт банк тендерт шалгаран энэ зээлийг олгож байсан. Энэ жилийн тендерийн шалгаруулалт нь явагдаагүй байна. Тендер зарлагдаад банк сонгогдсоны дараа санхүүжилт нь аймаг бүрт орж ирнэ. Манай аймгийн тухайд энэ жил 700 сая төгрөгний санхүүжилт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас орж ирэх ёстой. Зээлийн хэмжээний тухайд иргэн 10 хүртэл сая төгрөгний зээл, ААНБ-ууд 20 хүртэлх сая төгрөгний зээл авах боломжтой. Энэ нь банкны шалгуураар явагддаг. Хүүгийн тухайд хамгийн бага буюу сарын 0,7 хувийн хүүтэй зээл олгогдож байгаа.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ