Төслийн хөрөнгө оруулалтаар мах сүүний үйлдвэртэй болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Цэцэн-Уул суманд “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийн хүрээнд мах, сүүн бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, хадгалах бага оврын үйлдвэрүүдийг барьж ашиглалтад оруулжээ.
Эдгээр үйлдвэрийг байгуулахаар “Тэгш улаан туг”, “Бат баян өргөө” хоршоонууд төсөл бичиж 520 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авч мах, сүүн бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, хадгалах бага оврын үйлдвэрүүдийг барьж ашиглалтад оруулжээ. Мөн төслийн хүрээнд газар тариалангийн дөрвөн бичил төсөлд 224 сая 260 мянган төгрөгийн санхүүжилт олгосны үр дүнд өнгөрсөн онд гурван га талбайд төмс, хүнсний ногоо, гурван хүлэмжинд жимс жимсгэнэ, нарийн ногоо, 50 га талбайд ногоон тэжээл тариалж 20 гаруй тонн өвс, ногоон тэжээлийг хураан авчээ. Түүнчлэн төслөөс бага, том оврын тракторууд, хүлэмж, тармуур, преслегч, үрлэгч зэрэг тоног төхөөрөмжийг олгосон нь иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг үзүүлсэн байгаа. Малыг эрүүлжүүлэх, чанарыг сайжруулах, мал эмнэлгийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 81 сая төгрөг, сумын мал эмнэлэг үржлийн тасгийн үйл ажиллагааг дэмжихэд 18 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус хийгээд байна.
Төслийн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй зарцуулсанаар орон нутагтаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зэргэлдээ сумын иргэдийг чанартай хүнсний бүтээгдэхүүнээр хангах, ажлын байр нэмэгдэх зэрэг олон давуу талууд бүрдээд байгаа талаар Цэцэн-Уул сумын Засаг дарга Б.Оргилсайхан мэдээлэл өглөө.
Б.Мягмарсүрэн