У.Хүрэлсүх: БНХАУ-тай харилцаагаа бэхжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2018-04-08 15:47:49
БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр мордохоос нь өмнө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс Хятадын төрийн мэдлийн “Синьхуа” агентлаг, Хятадын Коммунист намын өдөр тутмын төв хэвлэл “Жиньминь Жибао” буюу Ардын өдрийн сонин болон Хятадын Олон Улсын Радиогийн Монгол Улс дахь салбарын сурвалжлагчдын авсан ярилцлага өнөөдөр "Синьхуа" агентлагт гарчээ. Үүнийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
 

УЛААНБААТАР. /Синьхуа/. Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий сайд болсон Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-д анхны албан ёсны айлчлалаа хийхээр мордохынхоо өмнө “Синьхуа” агентлагт тусгай ярилцлага өгөхдөө “Миний энэ удаагийн айлчлал Монгол Улс болон БНХАУ-ын хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд маш чухал нөлөө үзүүлнэ гэж би үзэж байна. БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм” гэлээ.

Энэ сарын 8-11-нд Хятад улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ У.Хүрэлсүх Хятадын өмнөд нутгийн Хайнань мужид болох Боаогийн Азийн эдийн чуулга уулзалтад мөн оролцох юм.

“БНХАУ-ын дарга  Си Жиньпиний 2014 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр манай хоёр улс  харилцаагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэн хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нь хоёр орны харилцааг олон арван жил хөгжүүлэх түүхэн чухал шийдвэр болсон. Харин одоо манай хоёр улс язгуур эрх ашгаа харилцан хүндэтгэж, улс төрийн итгэлцлээ бэхжүүлэх замаар иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх хэрэгтэй” гэж тэрбээр хэлэв.

Түүний айлчлалын үеэр талууд  аж үйлдвэрлэл, хөрөнгө орууалтын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад түлхэц үзүүлэх хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах аж. Мөн хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, Хятад руу экспортолж буй бараа бүтээгдэхүүнүүдээ төрөлжүүлэхийг эрмэлзэж буйгаа Монгол Улсын Ерөнхий сайд ярилцлагын үеэр илэрхийлсэн юм.
 
БНХАУ бол Монгол Улсын худалдааны хамгийн том түнш бөгөөд гол хөрөнгө оруулагчдын нэг. 2017 онд хоёр талын худалдааны эргэлт өмнөх оныхоос 36 хувиар нэмэгдэн 6.7 тэрбум ам.долларт хүрч,  Хятад улстай хийсэн худалдаа нь Монголын нийт худалдааны эргэлтийн 63 хувийг бүрдүүлжээ. Талууд худалдааны хэмжээгээ 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлээд байгаа юм. Хоёр талын худалдааны эргэлт 2002 онд ердөө 324 сая ам.доллароор хэмжигдэж байв.
 
Монгол-Хятадын хамтын ажиллагаа нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна гэж У.Хүрэлсүх онцлон тэмдэглээд “Хятад улсын хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжаар Монгол Улс дэд бүтцийн хөгжил, худалдаа, эрчим хүч, байгаль орчин, боловсрол зэрэг олон салбарыг хамарсан томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Эдгээр төсөл нь Монголын худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалахад чухал ач холбогдолтой” гэлээ.
 
Мөн Монгол Улс хоёр талын өндөр дээд түвшний харилцан айлчлалыг нэмэгдүүлэх замаар хоёр талын харилцааг улам бүр бэхжүүлэхийг эрмэлзэж буйг Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлсэн юм.

Хоёр орны ард иргэдийн харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлж, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх зорилгоор өнгөрсөн онд Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийг байгуулж, энэ оны  нэг дүгээр сард  Бээжин хотноо тус зөвлөлийн анхдугаар хурлыг зохион байгуулсныг У.Хүрэлсүх ярилцлагын үеэр дурдав.

Хятадын коммиунист намын /ХКН/ XIX их хурал, Хятадын хууль тогтоох дээд байгууллага болон Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн  “хоёр их хурал”-ын талаар У.Хүрэлсүх ярихдаа “Өнгөрсөн оны 10 дугаар сард ХКН-ын XIX Их хурал, энэ оны гуравдугаар сард “2 Их хурал” тус тус амжилттай хуралдаж, Хятад улс өнгөрсөн  таван жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, хүрсэн ололт амжилтаа дүгнэхийн зэрэгцээ Хятадын ард түмний аж амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн олон чухал шийдвэрийг гаргалаа. Мөн эдгээр их хурлын үеэр Хятад улс  цаашдын хөгжлийн чиг хандлагаа тодорхойлон төлөвлөхийн зэрэгцээ хүн төрөлхтний ирээдүйн төлөөх хамтын нийгэмлэгийг бий болгож, энхтайвнаар хөгжих явдлыг тууштай дэмжих зэрэг олон чухал зорилтыг тодорхойлсон. Эдгээр шийдвэр, зорилт нь бүс нутгийн төдийгүй дэлхийн энх тайван байдал, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэлтэй байна” гэв.

Өнгөрсөн 40 жилийн хугацаанд Хятад улс өөрчлөлт, шинэчлэлийн нээлттэй бодлогыг амжилттай хэрэгжүүлснийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайшаагаад “Хятад улс ийм ололт амжилт гаргасанд уламжлалт найрсаг харилцаатай хөрш орны хувьд бид баяртай байна” гэж хэллээ.

Мөн Монгол Улс Хятадын хөгжлийн бодлогуудтай өөрийн хөгжлийн бодлогуудаа уялдуулах арга замуудыг эрэлхийлж буйгаа У.Хүрэлсүх хэлээд “2017 оны тавдугаар сард манай улс “Хөгжлийн зам” хөтөлбөрөө Хятадын “Бүс ба Зам” санаачлагатай уялдуулахаар засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Хоёр тал одоо энэхүү санамж бичгийг хэрэгжүүлэх хамтарсан төлөвлөгөө гаргахаар ярилцаж байна” гэлээ.

2013 онд БНХАУ-ын дарга Си Жиньпиний санаачилсан “Бүс ба Зам” санаачлага нь эртний Торгоны замын худалдааны маршрутуудын дагуух улс орнуудын хөгжлийн бодлогыг уялдуулж, дэд бүтэц, худалдаа, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, ард түмэн хоорондын харилцааг бэхжүүлэх замаар хөгжлийн шинэ гарцуудыг бий болгох зорилго бүхий олон улсын хамтын ажиллагааны нэгэн платформ юм. “Бүс ба зам” санаачлагын хүрээнд Монгол, Хятад болон Орос нь гурван улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор гурван улсыг холбосон эдийн засгийн коридор бий болгох хэлэлцээрийг 2016 онд байгуулсан билээ.
 
Олон улсын тавцанд Хятадын нөлөө өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан У.Хүрэлсүх ярихдаа “БНХАУ даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, хамтдаа хөгжихөд чиглэсэн гадаад бодлогыг тууштай баримтлан ажиллаж байгаа явдал, ялангуяа хөрш орнуудтайгаа “нөхөрсөг, нээлттэй, харилцан ашигтай, хүртээмжтэй” байх зарчимд тулгуурласан түншийн харилцааг хөгжүүлэхийг эрмэлзэж буйг бид талархан хүлээн авч байна. Хятадын хөгжлийг бид “боломж” гэж харж байна. Хятад улс нээлттэй гадаад бодлогоо цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлж, бүс нутгийн интеграцчиллыг гүнзгийрүүлэхийг зорьж байгаа нь Монголын хөгжилд чухал ач холбогдолтой” гээд “Бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулахын тулд Монгол Улс Хятад улстай хамтран ажиллахад хэзээд байна” гэсэн юм.

 http://www.xinhuanet.com/english/2018-04/08/c_137095274.htm

Г.Доржханд
Холбоотой мэдээ