Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын төслүүд батлагдсангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-04-11 17:56:10
НҮБ. /ТАСС/. Мягмар гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанаар Сирид химийн зэвсэг хэрэглэсэн хэргийг мөрдөн шалгах тухай гурван тогтоолын төслөөр санал хураалт явуулсан боловч аль нь ч батлагдаагүй байна гэж ТАСС агентлаг мэдээлэв.
 
Сирид мөрдөн шалгах ажиллагаа явуулах бие даасан механизм бий болгох тухай эхний тогтоолын төслийг АНУ, Франц, Их Британи, Швед, Польш болон бусад хэд хэдэн орон хуралдаанд оруулж санал хураалгасан байна. Уг тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн 12 улс дэмжсэн хэдий ч ОХУ болон Боливи эсэргүүцэж, Хятад улс түдгэлзсэнээр төсөл батлагдаагүй ажээ. Тогтоол батлагдахад НҮБ-ын АЗ-ийн 9 гишүүн дэмжиж, байнгын таван гишүүн болох ОХУ, АНУ, Хятад, Их Британи, Франц улсын нэг нь ч эсэргүүцээгүй байх шаардлагатай юм.

Химийн зэвсэг хэрэглэсэн тохиолдлуудыг мөрдөн шалгах аль нэг талд үйлчлэхгүй, үнэхээр бие даасан ажлын механизм бүрдүүлэх тухай ОХУ-ын оруулсан тогтоолын төслийг НҮБ-ын АЗ-ийн зургаан гишүүн дэмжиж, долоон улс эсэргүүцэж, хоёр улс түдгэлзсэн байна.
 
Химийн зэвсгийг хориглох байгууллагын төлөөлөгчдийг нэн даруй Сири рүү илгээж, болсон явдлыг газар дээр нь мөрдөн шалгахыг уриалсан Шведийн саналд үндэслэсэн гурав дахь тогтоолын төсөл ч батлагдах хэмжээний санал авч чадаагүй ажээ.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ