Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев улиран сонгогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-04-12 12:06:58
БАКУ. /АЗЕРТАЖ/. Лхагва гарагт буюу өчигдөр болсон Азербайжаны ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Ильхам Алиев 86.09 хувийн саналаар илт давуу ялсан тухай тус улсын СЕХ мэдэгдсэнийг “АЗЕРТАЖ” агентлаг өнөөдөр уламжлав.

“Бүх Азербайжаны ардын фронт” намаас нэр дэвшсэн Гудрат Гасангулиев 3.07 хувийн санал авснаар хоёрдугаарт орсон бол үлдсэн саналыг бусад таван нэр  дэвшигч авсан байна.

Ильхам Алиев сонгуульд илт давуу ялснаар Азербайжаныг ирэх долоон жилд удирдахаар болж байна. Сонгуулийн урьдчилсан дүнг зарласны дараа И.Алиев итгэл хүлээлгэсэн ард түмэндээ талархал илэрхийлээд “Намайг ямагт дэмждэг Азербайжаны ард түмэнд баярлалаа. Та бүхний дэмжлэг надад хүч тэнхээ, урам зориг өгдөг. Энэ улс орныг улам илүү хөгжүүлэхийн төлөө би бүх хүчээ дайчлан зүтгэх болно. Азербайжаныг хөгжүүлэхэд хамгийн их нөлөөлөх гол хүчин зүйл бол ард түмэн болоод засгийн газар хоорондын эв нэгдэл юм” гэжээ.

“Сонгогчдын ирц маш өндөр буюу 75 хувьтай гарлаа Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын 900, дотоодын 58175 ажиглагч ажиглаж, гадаадын 50 гаруй сэтгүүлч сурвалжилсан” гэж Азербайжаны СЕХ-ноос өнөө өглөө гаргасан мэдэгдэлд дурджээ.

Өдгөө 56 настай И.Алиев нь 2003 оны 10 дугаар сард тус улсын ерөнхийлөгчөөр анх сонгогдож, эцэг Гейдар Алиевынхаа халааг авсан аж. И.Алиев нь нь 2003 онд 76 хувийн саналаар, дараа нь 2008 болон 2013 онд 89 ба 85 хувийн саналаар тус тус ерөнхийлөгчийн сонгуульд ялж байжээ.

Азербайжан улс нь ерөнхийлөгчийн албан тушаал хаших үүрэгт хугацаа таван жил байсныг 2016 оны есдүгээр сард долоон жил болгож сунгасан юм.

 
Г.Доржханд

Холбоотой мэдээ