Эрүүл мэндийн газрын 90 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-04-12 21:58:04
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газрын түүхт 90 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойн нээлтийн арга хэмжээг Арвайхээр сумын Аюуш баатрын талбайд зохион байгуулж, эрүүл мэндийн салбарт хийж буй хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны мэдээллийг олон нийтэд өглөө.
Ойн баярын арга хэмжээг 9 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд есөн хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулан тодорхой ажлуудыг эхлүүлээд байна. Тухайлбал, “Эрүүл мэндийн даатгалыг-Иргэн бүрт хүргэж, Аз жаргалтай - Эрүүл хүүхдийн төлөө хамтдаа” уриатайгаар удирдах ажилтны зөвлөгөөнөө хийж, "Эмч бид дасгал хөдөлгөөнөөр манлайлагчид" уриан дор байгууллагын болон ахмад эмч нар нарын дунд волейбол, ширээний теннисний тэмцээнийг зохион байгуулжээ.
Тус салбарын түүхэн үйл явдлаас дурдвал 1927 онд Цэцэрлэг мандал аймгийн Хүн эмнэлгийн анхны салбарыг Арвайхээр уулын хошуунд байгуулах шийдвэрийг тухайн үеийн төр засгийн байгууллага гаргаж байжээ. 1928 оны 9 дүгээр сард Сайн ноён хан аймгийн "Дэлгэрэх булаг” хошууны Арвайхээр хүрээний урд талд хошууны дарга Самбуу гэдэг хүн хятад пүүсийн хоёр жижиг байшинг худалдан авч, аймгийн захиргааны "Хүн эмнэлгийн газар” нэртэй байгуулж, сувилагч Ж.Эр-Оргид хариуцуулан өгч ажиллуулснаар аймгийн эрүүл мэндийн салбарын анхны суурь тавигдаж байжээ.
Б.Батчимэг

Холбоотой мэдээ