Хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-04-16 20:34:00
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хонгор сумын хоёрдугаар баг Хүйтний голын эх, Цэхэр цөөрөм гэх газарт ашигт малтмал олборлохоор таван эксковатор байрлаж байсныг аймгийн холбогдох газрууд илрүүлэн хоёр эксковаторын компьютерийг хураан, үйл ажиллагааг нь зогсоон Цагдаагийн газарт шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөн тус газарт байрлаж байсан найман иргэнийг албадан буулгажээ.

Хууль бус ашигт малтмал олборлолттой тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Хонгор сумын Засаг дарга Т.Атархишиг, Хонгор сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Батхишиг, Хонгор сумын эрүүгийн цагдаагийн хэсгийн төлөөлөгч дэслэгч Д.Баярмагнай, сумын цагдаа дэд ахлагч Эрдэнэжаргал нар Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт энэ сарын 12-ны өдөр шалгалт хийж, дээрх зөрчлийг илрүүлжээ.
 
Ерөнхийдөө Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт 2018 он гарснаас хойш нийт таван иргэнд зургаан эрүүгийн хэрэг үүсгэж аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.

Тус зургаан эрүүгийн хэргийн гурван хэрэгт нийт 8,229,220 төгрөгийн байгаль орчинд учруулсан экологи, эдийн засгийн үнэлгээ гарч Прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Үлдсэн гуравт нь шинжээч томилогдон байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа ажээ.
 
Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ