Синьхуа: Монголын бизнес эрхлэгчид Хятадын зэх зээлд нэвтрэхийг эрмэлзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2018-04-17 21:44:20
ТЯНЬЖИНЬ. /Синьхуа/. Хятадын хойд нутгийн Тяньжинь хотод болж буй олон улсын үзэсгэлэн худалдаанд Монголын худалдаачин Энх-Оргил ноолууран бүтээгдэхүүнүүдээрээ оролцож байна гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв.

“Би хамгийн сүүлийн үеийн загваруудаа энд авчирсан” гэж худалдаачин бүсгүй хятадаар чөлөөтэй хэллээ. Түүний лангуун дээр бүх төрлийн ноолууран бүтээгдэхүүн, тухайлбал хүрэм, ороолт болон цамц байна.
 
1994 оноос хойш жил тутам болж буй Хятадын Тяньжинийн олон улсын худалдаа ба хөрөнгө оруулалтын үзэсгэлэн худалдаа өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт эхэлсэн юм. Энэхүү арга хэмжээнд “Бүс ба Зам” санаачлагад холбогдох улс орнуудын бизнес эрхлэгчид оролцож байна.
 
“Бараагаа зарж борлуулах нь миний энд ирсэн гол зорилго биш. Монголын ноолууран бүтээгдэхүүнийг Хятадын илүү олон хэрэглэгч мэддэг, таашаан хэрэглэдэг болоосой гэсэн үүднээс би энэ үзэсгэлэн худалдаанд ирж оролцож байна. Хятадын томоохон хотуудад дэлгүүрээ нээхийг би мөрөөдөж байна” гэж худалдаачин бүсгүй "Синьхуа" агентлагт ярилцлага өгөх үеэрээ ярив.

Хятад улсын Худалдааны яамны мэдэгдсэнээр, Хятад нь 10 гаруй жилийн турш Монголын худалдааны хамгийн том түнш хэвээр байгаа бөгөөд хоёр талын худалдааны эргэлт 2017 оны эхний хагасын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 44.2 хувиар өсөн 3.1 тэрбум ам.доллароор хэмжигдэж байв.

Хятадад бизнес эрхлэх хүсэлтэй болон Хятадаас бизнесийн боломжийг эрэлхийлэх монголчуудын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэх болжээ.

2013 онд Энх-Оргил Хятадад бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалснаас гадна Ляонин мужийн Даляны тэнгисийн их сургуульд хятад хэл сурчээ. Тэрбээр төгссөнийхөө дараа Өвөр Монголын ӨЗО-ны Эрээн хотын нэгэн дэлгүүрт хэсэг хугацаанд менежерээр ажиллаж байгаад, нутаг буцаж “Говь” компанид ажиллаж эхэлсэн байна.

“Манай компани Хонконг, БНСУ, АНУ болон Европын хэд хэдэн улсад салбар дэлгүүртэй. Одоо Хятадын томоохон хотуудад салбараа нээх хэрэгтэй гэж би бодож байна” гэж Энх-Оргил ярив.

Сүүлийн жилүүдэд Хятад болон Монгол хоорондын эдийн засаг болоод соёлын харилцаа нэлээд сайжирсан. Хоёр улс Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор бий болгохоор ажиллаж байгаагаас гадна Хятад-Монголын экспогоос эхлүүлээд олон арга хэмжээг зохион байгуулж байна.

“Бүс ба Зам” санаачлагыг Монголын бараа бүтээгдэхүүнүүдийг Хятадын зах зээлд гаргах “боломж” гэж харж буйгаа Энх-Оргил хэлээд “Монголын ноолууран бараа бүтээгдэхүүнүүд маш сайн чанартайгаас гадна боломжийн үнэтэй. Гэхдээ Хятадын хэрэглэгчид загварлаг, маш нарийн мэдрэмжтэй тул бид бүтээгдэхүүнийхээ загварыг сайжруулах хэрэгтэй” гэлээ.

Энх-Оргил нэг цаг хүрэхгүй хугацаанд нэг цамц, хоёр өмд худалдсан бол Монголоос ирж үзэсгэлэнд оролцож буй өөр нэгэн бизнес эрхлэгчийн туслахаар ажиллаж байгаа Ариун бүс, түрийвч, нэрийн хуудасны сав зэрэг арьс бүтээгдэхүүнүүдийг худалджээ. Тяньжинийн технологийн их сургуульд сурдаг Ариун энэ үзэсгэлэн худалдаанд оролцож буй ахдаа тусалж байгаа аж.
 
 
Ариун ярихдаа “Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжихийн хэрээр олон боломж гарч ирж байгаа учир би Хятадыг сонгон ирж суралцаж байна” гэв. Ариун төгссөнийхөө дараа ахтайгаа хамт бизнес эрхэлж, Хятадын зэх зээлд хөл тавихаар төлөвлөж байгаа гэнэ.

Энэ үзэсгэлэн худалдаа дуусахад таван өдөр үлдээд байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим ноос ноолуур болон арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 11 компани болон хувь хүмүүсийг энэ оны үзэсгэлэн худалдаанд оролцуулж байна.

http://www.xinhuanet.com/english/2018-04/17/c_137117798.htm

 
Г.Доржханд

Холбоотой мэдээ