Зуд, ой хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх төсөл хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Зуд, ой хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх“ төслийн хүрээнд Говь-Алтай аймагт “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн удирдлага“ сэдэвт сургалт энэ сарын 23, 24-ний өдрүүдэд Алтай хотноо зохион байгуулагдлаа.
Сургалтад Говь-Алтай аймгийн Шарга, Алтай, Дарив сум, Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Өвөрхангай, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын ангиллын сургалт, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн нийт 33 алба хаагч хамрагджээ.
Сургалтыг төслийн олон улсын зөвлөх, доктор Иан Вайлдэрспин, төслийн дэд зохицуулагч В.Ганбат нар удирдан явуулсан бөгөөд олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, тайлан бэлтгэх, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, сумын гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг багийн хөршийн бүлгийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тулгуурлан сайжруулах зэрэг хичээл зааж, гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх туршлагаасаа хуваалцсан юм.
Энэхүү төсөл нь Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн 12 суманд хэрэгжиж байгаа ба Говь-Алтай аймагт ой хээрийн түймэр төдийлөн тохиолддоггүй ч зудын аюулд өртөх бүс нутагт багтдаг учир төсөлд багтсан гэнэ.
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
13 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
13 цаг