“Хөрөнгө оруулагчдын эдийн засгийн чуулга уулзалт”-ыг анх удаа зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-04-26 12:54:32
Сэлэнгэ /МОНЦАМЭ/.  Сэлэнгэ  сайхан нутагт хөрөнгө оруулж, бидэнтэй хамтарч ажиллаж, хамтдаа хөгжихийг Сэлэнгийн ард түмнээс уриалж, “Хөрөнгө оруулагчдын эдийн засгийн чуулга уулзалт-2018” арга хэмжээг энэ сарын 27-нд аймгийн төв Сүхбаатар хотод зохион байгуулах гэж байна. 
Ардын хувьсгалын өлгий, амуу тарианы эх нутаг, дэд бүтэц, нийгэм эдийн засгийн хөгжлийн өргөн боломж, давуу талуудтай гэдгээрээ Сэлэнгэ нутаг онцлогтой.
Эдгээр давуу чанаруудаа түшиглээд Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас санаачилан аймгийн төв Сүхбаатар хотдоо энэхүү  “Хөрөнгө оруулагчдын эдийн засгийн чуулга уулзалт”-ыг анх удаа зохион байгуулахыг зорьж байгаа юм. Сэлэнгэ нутаг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн гол бүс нутаг, Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалдаг ариун үүргийг хүлээдэг ажилсаг ард түмэнтэй гэдгээрээ бусад аймгаас ялгарах давуу чанартай. Ийм ч учраас сэргэг бас соргог бизнес сэтгэлгээтэй хэн бүхнийг өөдөө заяатай Сэлэнгэ нутагтаа урин залж, Сэлэнгэ нутгаа хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхийг Сэлэнгийн ард түмэн урьж байна.  
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ