Төрийн албаны шалгалтын гарын авлага шинэчлэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2018-04-27 09:32:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинээр хууль тогтоомж батлагдан гарахын зэрэгцээ зарим хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулж Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шалгалтын гарын авлагыг шинэчлэн гаргалаа.

 

Энэ жил хэвлэгдэн гарч байгаа гарын авлагад Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Хүний эрхтэй холбоотой хууль тогтоомж, УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр зэргээс боловсруулсан сорилууд шинээр нэмэгдэж орсон байна.

 

Төрийн албаны шалгалт болон сонгон шалгаруулалтад бэлтгэхэд иргэдийн ширээний ном болсон энэхүү гарын авлагыг албан хэрэгцээнд, нийтийн хэрэгцээнд гэсэн хоёр хувилбараар боловсруулжээ. Төрийн албаны шалгалтыг зохион байгуулахаас 21-оос доошгүй хоногийн өмнө Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар нийтэд нээлттэй зарлах журамтай.  Зургадугаар сарын 15-наас хойш зохион байгуулах төрийн албаны шалгалтыг энэхүү шинээр хэвлэгдэн гарсан номоор авах юм.

 

Түүнчлэн ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар төрийн албаны шалгалтын тогтолцоо өөрчлөгдөж байгаа бөгөөд төрийн албанд анх ороход ерөнхий шалгалт, албан тушаал дэвших үед авах тусгай шалгалт авахаар болсон аж.

Холбоотой мэдээ