Говь-Алтай аймагт 284 бичил уурхай эрхлэгч бүртгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-04-27 18:29:55
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн бичил уурхай эрхлэгчдийн “Эв нэгдэл” холбоонд нийт 284 иргэн бүртгэлтэй байгаа ба Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй бичил уурхайн 11 ТББ, нөхөрлөлд харъяалагдан ажил хөдөлмөр эрхэлж байна.
Тус аймгийн бичил уурхай эрхлэгчдэд хамгийн их тулгамдсан асуудал бол бичил уурхайгаар ашиглаж болох зөвшөөрөлтэй газар хомс байгаа нь бүртгэлтэй гишүүдийн ажлын байр хязгаарлагддаг. Өнөөдрийн байдлаар дээрх холбоонд бүртгэлтэй зургаан нөхөрлөлийн 72 бичил уурхай эрхлэгч ажил хөдөлмөрлөж байна хэмээн тус аймгийн бичил уурхайчдын эрхлэгчдийн “Эв нэгдэл” холбооны тэргүүн, Монголын бичил уурхайчдын нэгдсэн “Дээвэр” холбооны Хяналтын зөвлөлийн дарга Ч.Мядагбадам мэдээлэв.
Энэхүү тудлгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд тус аймгийн ЗДТГ, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөлтэй хамтран бичил уурхайн эрх зүйн орчны шинэчлэл, холбогдох дүрэм журмуудын хэрэгжилт, өнөөгийн байдал болон төр хийгээд бичил уурхайчид хамтын ажиллагааны талаар нэгдсэн шийдвэрт хүрэх зорилгоор “Бичил уурхайн эрх зүйн орчин, түүний хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр Алтай хотноо анх удаа зохион байгуулж байна.
Тус арга хэмжээнд Ашигт Малтмалын Газрын Тосны Газар Уул уурхайн, үйлдвэрлэл технологийн мэргэжилтэн Д.Баттулга, Тогтвортой бичил уурхай төслийн эксперт Ч.Оюунчимэг, Бичил Уурхайчдын Нэгдсэн Дээвэр Холбооны гүйцэтгэх захирал Д.Баярмаа нар урилгаар оролцож буйгаас гадна аймгийн Бичил уурхай үйл ажиллагааг дэмжин зохион байгуулан ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллага, хоршоо, нөхөрлөлүүдийн төлөөлөл нийт 110 хүн оролцсон юм. 
Зөвлөлгөөний төгсгөлд оролцогчид бичил уурхай эрхлэгчдийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх санаачилгыг дэмжиж, бичил уурхайгаас өөр салбарт ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, тэдэнд мэргэжил эзэмшүүлэх, экологийн боловсрол олгох сургалтыг үе шаттай зохион байгуулах, Ашигт малтмал, газрын тосны газраас авсан лавлагааг үндэслэн бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох  боломжтой талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахад санал нэгдлээ.
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ