“Өв соёл”-оо түгээн дэлгэрүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-05-01 10:40:25
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс санаачлан "Увс өв соёл" соёлын ажилтны зөвлөлгөөнийг Улаангом хотноо зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр аймгийн Цэнгэлдэх хүрээлэнд "Мянган бийчдийн үзүүлбэр"-ийг толилуулж, улмаар сум бүрийн соёлын төвийн уран бүтээлчид, ардын авьяастнууд тоглолтоо өргөн барилаа.
Энэ үеэр ойрадын уламжлалт ёс, зан заншил, өвөг дээдсээс уламжлагдан үлдсэн, ховордсон эд зүйлс, гар урчуудын бүтээл, угийн бичиг, ураг удмын тухай гарын авлага, ном бүтээл бусад баримтат өвийн үзэсгэлэнг гаргасан юм. Тухайбал, Тэс сумын эсгий ширмэлийн “Уялага” бүлгийн гишүүд бүрэн эсгий ширмэл эд хэрэглэлтэй монгол гэр барьсан нь олны сонирхолыг ихэд татаж байлаа. Мөн баяд эмээл, суран эдлэл, монгол үндэсний хувцас, сийлбэрийн бүтээл, алт мөнгөн эдлэл зэрэг сум орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гарсан юм.
Мянган бийчдийн үзүүлбэрт цэцэрлэгийн гурван настай балчираас эхлээд наян настай буурайнууд хүртэл оролцлоо. Энэхүү арга хэмжээг аймгийн БСУГ, “Ойрад” ХЖТ, ОНС музей, Улаангом сумын ЗДТГ, сумдын соёлын төвүүд, ЕБС, цэцэрлэгүүд хамтран зохион байгуулсан юм.
Б.Батхүү
Холбоотой мэдээ