АНУ Хятад руу худалдааны төлөөлөгчдөө илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2018-05-01 11:13:36
ВАШИНГТОН. /АП/. Хоёр талын худалдааны харилцааны асуудлаар хэлэлцээ хийх дээд түвшний төлөөлөгчдөө Хятад улс руу илгээхээр төлөвлөж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгджээ.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин, Худалдааны сайд Вилбур Росс, АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхизер, Ерөнхийлөгчийн Худалдаа ба үйлдвэрлэлийн бодлогын зөвлөх Питер Наварро нарын хүмүүсийг энэ долоо хоногийн пүрэв гарагт Хятад улс руу илгээнэ гэж Д.Трамп хэлсэн байна.

С.Мнучин өчигдөр “Фокс” телевизэд ярилцлага өгөхдөө “Хятад улстай худалдааны асуудлаар хийх хэлэлцээ амжилттай болно гэдэгт бид найдаж байна. Бид Хятадад хоёр өдөр байхдаа оюуны өмчийн эрх, гадаадын компаниуд технологиудаа Хятадын компаниудад шилжүүлэхээс өөр аргагүйд хүрч байгаа зэрэг асуудлыг хөндөнө” гэжээ.

Д.Трампын засаг захиргаа саяхан Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд 150 тэрбум ам.долларын гаалийн татвар ногдуулах шийдвэр гаргасан юм. Үүний хариуд Хятад улс мөн адил хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн билээ.

“Нэг талыг барьсан бодлого, гаалийн татвараар дамжуулан худалдааг ивээх бодлого баримтлах зэрэг  нь дэлхийн бүх улс орны эдийн засаг өөр хоорондоо уялдаа холбоотой болсон өнөө цагт хэнд ч ашиггүй бөгөөд сэргэлтийн шатандаа яваа дэлхийн эдийн засагт л ихээхэн сөргөөр нөлөөлнө” гэж худалдааны шинжээчид анхааруулж байгаа юм.
 
Хятад улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ “Манай улс АНУ-тай худалдааны салбарт үүсээд буй сөргөлдөөнийг эв зүйгээр, яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх хүсэлтэй байна. Худалдааны дайнд ялагч байдаггүй. Дэлхийн томоохон эдийн засгууд сөргөлдөх нь дэлхийн эдийн засгийн сэргэлт болоод үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх болно” гэж хэлсэн билээ.
Г.Доржханд
 
 

Холбоотой мэдээ