Тэс суманд өсвөрийн бөхчүүдийн барилдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-05-02 14:49:24
Увс /МОНЦАМЭ/. Тэс сумын харъяат, Монгол Улсын начин М.Цэрэндоржийн төрсөн ах, аймгийн арслан Миеэгийн Авирмэд агсны нэрэмжит өсвөрийн үндэсний бөхийн барилдаан Тэс суманд өчигдөр болж өнгөрлөө.
Хоёр насны ангилалаар явагдсан барилдааны 15-16 настайчуудад 32 бөх хүч сорьсоноос Наранбулаг сумын харъяат, Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулийн залуу бөх Б.Энхманлай түрүүлж, Тэс сумын өсвөрийн залуу бөх Б.Содномдорж үзүүрлэсэн байна. Харин их шөвөгт Тэс сумын залуу бөх Д.Төгсжаргал, Б.Дарамбазар нар үлджээ. Тэрчлэн 17-18 настай өсвөрийн бөхчүүдийн барилдаанд мөн 32 бөх хүч сорьсоноос Тэс сумын өсвөрийн залуу бөх Ц.Бат-Эрдэнэ түрүүлж, Түргэн сумын харъяат, сумын начин Г.Цагаанбанди үзүүрлэн, Тэс сумын уугуул, Сумын начин Д.Бат-Эрдэнэ, залуу бөх Б.Сүхбат нар шөвгөрсөн байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ