“Увс-өв соёл” зөвлөлгөөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-05-02 15:02:12
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Соёл, урлагийн ажилтны “Увс-өв соёл” зөвлөлгөөн энэ өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Дөрөвдүгээр сарын 30-нд Мянган бийчийн биелэгээгээр эхэлсэн уг үйл ажиллагаа сумдын Соёлын төвийн уран бүтээлчид, ардын авьяастнуудын тоглолт болон гар урчуудын бүтээлийн үзэсгэлэнгээр өрнөсөн юм.
Тэрчлэн аймгийн урлаг, соёлын ажилтнуудын нэгдсэн зөвлөлгөөн өчигдөр болсон бөгөөд энэ үеэр орон нутгийн тогтвортой хөгжилд соёл урлагийн гүйцэтгэх үүрэг, соёл урлагийн талаар баримтлаж буй бодлого, цаашдын чиг хандлага, соёлын өв дурсгалыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон ашиглах, орон нутагт бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлэх стратеги-брэндийн бодлого зэрэг сэдвээр холбогдох албаны хүмүүс сонирхолтой илтгэлүүд тавьж хэлэлцүүллээ.
Мөн соёл, урлаг хүүхдийн гоо зүйн төлөвшилд хэрхэн нөлөөлдөг, соёлын өв, бүтээлч үйлдвэрлэл, ном хэвлэл ба уншигчдийн оюуны хэрэгцээ сэдвээр салбар хуралдаанууд явагдаж, нэгдсэн зөвлөмж гаргасан юм. Энэ үеэр аймгийн Музейн харуул Б.Ганболд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр, ахмад ажилтан Б.Билгээ аймгийн БСУГ-ын Хүндэт тэмдгээр тус тус шагнууллаа. Зөвлөлгөөнд оролцсон төлөөлөгчдөд зориулж “Ойрад” театрын уран бүтээлчид “Шарс отгийнхон хаана байна” үндэсний түүхэн бүжгэн жүжгийг өчигдөр орой тоглосон юм. Өнөөдөр аймгийн урлаг, соёлын ажилтнууд “Соёлын ажилтны ёс зүй, харилцаа, хандлага” сэдвээр сургалтад хамрагдаж байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ