Бат-Өлзий суманд олон улсын стандартад нийцсэн цанын бааз байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-05-03 15:05:13
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг “Өвтийн амны Мухар хуст” хэмээх газар Олон Улсын цанын бааз байгуулахаар боллоо.
Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж болон Бат-Өлзий сумын удирдлагууд Цанын бааз байгуулах газарт энэ сарын 02-ны өдөр ажиллаж, хөрөнгө оруулагч, дэмжигч тал болох Щвейцарь улсын иргэн,  Олон Улсын цанын холбооны гишүүн Pascal Gertsch, “Авто Терминал Трейд” ХХК-ийн захирал Р.Хатан, ОУХМ Г.Ганбаатар нартай санал солилцов.
Цанын бааз нь шүүгчдийн ба тамирчдын байр, үзэгчдийн стадион, 6 метр өргөн, 7,5 км урт гүйлтийн цанын зам зэргээс бүрдэх бөгөөд Олон Улсын цанын холбооноос тавьсан шаардлагын дагуу барьж байгаа учраас аль ч улсаас ямар ч түвшний уралдаан, тэмцээн зохион байгуулж болох юм. Бүтээн байгуулалтын ажлыг энэ зун, намарт дуусгаж, 2019 оны улсын аварга шалгаруулах гүйлтийн цанын тэмцээнийг зохион байгуулах саналтай байгаагаа Pascal Gertsch хэллээ.

Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж бүтээн байгуулалтын ажилд амжилт хүсч, аймаг, сумаас цахилгаан, шатахууны зардлыг гарган хамтарч ажиллахаа илэрхийлсэн бол сумын Засаг дарга М.Жамъяншарав “Цанын бааз баригдсанаар орон нутгийн иргэдэд ажлын байр бий болж, малчид, хувиараа бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ борлуулах боломж нээгдэнэ” гэлээ.
Мөн тус бүтээн байгуулалтыг нутагтаа татахад гол үүрэг гүйцэтгэсэн “Авто Терминал Трейд” ХХК-ийн захирал Р.Хатан “Аав маань Өвөрхангай аймгийн уугуул, Монгол Улсын цанын спортын гавъяат дасгалжуулагч, анхны шигшээ багийг байгуулж байсан П.Рэнцэндорж гэх хүн юм. Монголын цанын спортын төлөө 50 жил сэтгэл зүрхээ зориулж, хүч чадлаа дайчилж байсан аавынхаа хийе, бүтээе гэсэн хүсэл, зорилгыг биелүүлэхээр энэ ажлыг бүтэн хоёр жил хөөцөлдлөө” гэсэн юм.
Дашрамд дурдахад Өвөрхангай аймгаас Цанын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол улсын анхны гавьяат тамирчин Л.Дорж, Цанын спортын анхны дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат багш П.Рэнцэндорж, Цанын спортын ОУХМ Г.Ганбаатар, ОУХМ Б.Ачбадрах гээд олон аваргууд төржээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ