Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулж урьдчилсан сорил явууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-05-07 20:24:09
Дархан-Уул /МОНЦАМЭ/. БСШУСЯ-ны Боловсролын үнэлгээний төв, Дархан-Уул аймгийн Боловсрол соёл, урлагийн газар хамтран шалгалтын сэдвийг боловсруулан урьдчилсан сорил шалгалтыг зохион байгуулсан байна. Ингэхдээ шалгуулагчдын хариултын хуудсыг газар дээр нь автомат машинаар уншуулжээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтын орчинг бүрдүүлж сэдвийг мэргэжлийн байгууллага өндөр түвшинд боловсруулан сурагчдын сэтгэл зүйг бэлтгэсэн энэ сорил хоёр өдөр явагдаж 1400 гаруй сурагч хамрагджээ.

Боловсролын салбарын хамгийн гол үзүүлэлтүүдийн нэгд тооцогдох ЭЕШ-ын оноогоороо Дархан-Уул аймаг өнгөрсөн жил 21 аймаг, 9 дүүргээс 3 дугаар байранд эрэмбэлэгдсэн. Харин 2018 онд энэхүү амжилтаа нэг шатаар ахиулах зорилтыг тавин ажиллаж байна. Энэ зорилтынхоо хүрээнд дээрх урьдчилсан сорил шалгалтыг зохион байгуулжээ.

Элсэлтийн ерөнхий шалгалт 2018 оны 06 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Энэ жилээс ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн сурагчид монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх ажээ. Өмнөх жилүүдэд шалгалтын дараа хариугаа сар шахам хүлээдэг байсан бол энэ жил манай аймгийн тухайд орон нутгийн хөрөнгөөр хүлээн авсан автомат машины тусламжтай шалгуулагчдын хариултын хуудсыг хурдан хугацаанд боловсруулж дүнг нь хэлэх боломжтой болоод байгаа юм.

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар 2 сар гаруй хугацаатай үргэлжилсэн. Энэ онд улсын хэмжээнд 12 дугаар ангийг төгсөж буй 42 мянга шахам сурагч мөн өнгөрсөн онуудад төгссөн 4000 орчим шалгуулагч нийт энэ жил 45 мянга гаруй хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдахаар бүртгүүлжээ.

 
Л.Отгонбаатар
 
 
 
 

Холбоотой мэдээ