Ким Жөн Ун Хятадад дахин айлчилсан байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-08 15:57:25
ТОКИО. /ТАСС/. Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И Умард Солонгосын аль нэгэн өндөр дээд албан тушаалтантай Далянь хотод уулзаж байна. Тусгай онгоцоор тус хотод айлчлан ирсэн өндөр дээд албан тушаалтан нь Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун байж магадгүй байна гэж  “Киодо” агентлаг мэдээлэв.
 
Хотын оршин суугчдын мэдэгдсэнээр, Далянь хотод даваа гарагаас аюулгүй байдлыг хангах өндөржүүлсэн арга хэмжээг авч эхэлсэн бөгөөд тус арга хэмжээний хүрээнд цагдаа нар тус хотын төвд хэдхэн метрийн зайтай байрлан зогсож байгаа аж.
 
Киодо агентлагийн мэдээлснээр, Далянь хотын нисэх онгоцны буудалд өнгөрсөн даваа гарагт ердийн шугамын нисэх онгоцнуудыг хөөргөж, буулгахыг хэсэг хугацаанд зогсоожээ. Өнөөдөр тус буудалд Умард Солонгосын “Air Koryo” агаарын тээврийн компанийн нисэх онгоц газардсан байна.
 
Гуравдугаар сарын сүүлчээр Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Хятадад айлчилсан билээ. Энэ айлчлал нь 2011 онд БНАСАУ-ын удирдагч болсноосоо хойш Ким Жөн Уны гадаад улсад хийсэн анхны айлчлал болсон юм. Уулзалтын дүнд Ким Жөн Ун БНХАУ-ын даргыг Умард Солонгост айлчлахыг урьсан бөгөөд тус урилгыгг Ши Жиньпин хүлээн авсан билээ.

Умард Солонгосын өмнөх удирдагч Ким Чен Ир нь зөвхөн галт тэргээр зорчдог байжээ. Тэрбээр тусгай галт тэргээрээ хэд хэдэн удаа Хятадад болон Орост айлчилж байсан аж. Харин Өмнөд Солонгосын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Умард Солонгосын одоогийн удирдагч Ким Жөн Ун нь улс дотроо нисэх онгоцоор нэг бус удаа зорчиж байсан гэнэ.
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ