Ким Жон Ун Хятадад дахин айлчилж байна

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-05-08 23:14:58
 Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар  5 дугаар сарын сарын 7-8-ны өдөр  Хятадын Ляонин мужийн Далянь хотод уулзалт хийв.  
Хоёр удирдагч найрсаг уур амьсгалтайгаар харилцаа хамтын ажиллагаа болон харилцан сонирхож буй томоохон асуудлуудаар санал солилцжээ. ХКН-ын УТТ-ны Байнгын хорооны гишүүн Ван Хунин мөн холбогдох арга хэмжээнд оролцсон хэмээн Хятадын Синьхуа агентлаг мэдээлэв.
Уулзалтын үеэр Ши Жиньпин хэлэхдээ “Солонгосын хойгийн нөхцөл байдал өөрчлөгдөж буй энэ чухал цаг үед та 40 хоногийн зайтай Хятад улсад ирж уулзалт хийж буй нь таны Хятад улстай харилцах харилцаанд ихээхэн ач холбогдол өгч буйг би өндрөөр үнэлж байна. Бидний 3 дугаар сард хийсэн уулзалтаас хойш Солонгосын хойгийн нөхцөл байдалд ахиц гарсанд туйлын баяртай байна. Бид хамтын хүчээр хоёр орны харилцааг хөгжүүлж, Солонгосын хойгийн болон бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд хувь нэмрээ оруулж байна” гэв.
Ким Жон Ун "3 дугаар сард Хятад улсад айлчилсан нь Хятад-Хойд Солонгосын найрамдалт харилцаа болон Солонгосын хойгийн нөхцөл байдалд эерэг үр дүн гарсан. Энэ бол бидний түүхэн уулзалт хийсний үр дүн юм. Бүс нутгийн нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ  чухал цаг мөчид би дахин Хятадад ирж таньтай уулзан, нөхцөл байдлаа ярилцаж байгаа нь хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, найрамдал нөхөрлөлийг  бэхжүүлэх, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг бий болгоно гэдэгт найдаж байна” гэв.
Ши Жиньпин, Ким Жон Ун-ыг улсынхаа эдийн засгийн хөгжилд анхаарч, цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоох шийдвэр гаргасныг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
А.Анхбаяр

     
Холбоотой мэдээ