Арилжааны банкаар дамжуулан олгосон зээлийн дүн өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-05-09 18:27:15

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Статистикийн хэлтсээс оны эхний тавдугаар сарын байдлаар аймгийн нийгэм эдийн засгийн байдал ямар түвшинд байгаа талаарх статистик мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө.
Тухайлбал аймгийн хэмжээнд тавдугаар сарын байдлаар оны эхний төллөх насны 1444.8 мянган хээлтэгч малын 708.5 мянга нь төллөжээ. Үүнээс гүүний 17.7 хувь, үнээний 30.7 хувь, ингэний 27.5 хувь, эм хонины 54.9 хувь, эм ямааны 46.6 хувь нь төллөсөн байна.  Мал төллөлтийн хувь өмнөх оноос 19.9 пунктээр буурсан байна. Гарсан төлийн 96.9 хувь буюу 687.0 мянган төл бойжиж байна. Төл бойжилтын хувь 1.4 пунктээр буурсан байна.  Харин аймгийн хэмжэээнд том малын зүй бус хорогдол аймгийн дүнгээр 146.6 мянган том мал зүй бусаар хорогдоод байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 5.9 дахин буюу 121.9 мянган толгойгоор өссөн байна. Нийт хорогдолд хээлтэгчийн хорогдол 18.7 хувь, бог малын хорогдол 95.7 хувь, бод малын хорогдол 4.3 хувийг тус тус эзэлж байна гэлээ.

Аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл буурчээ


Завхан аймгийн хувьд аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл тавдугаар сарын байдлаар оны үнээр дөрвөн тэрбум 423.2 сая төгрөг болж, өнгөрсөн оноос 8.5 хувиар буурсан байна.
Нийт үйлдвэрлэлээс аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл нь гурван тэрбум 355.8 сая төгрөг, иргэдийн үйлдвэрлэл нь нэг тэрбум 67.4 сая төгрөг болсон байна. Үйлдвэрлэлд цахилгаан, дулаан, усан хангамжийн үйлдвэрлэл 68.3 хувь,  хүнсний үйлдвэрлэл 22 хувь, хувцас үйлдвэрлэл 7.4 хувь, модон эдлэл үйлдвэрлэл 1.7 хувь, эсгий эдлэл үйлдвэрлэл 0.2 хувь, бусад үйлдвэрлэл 0.4 хувийг тус тус эзэлж байна. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох мах гэхэд баруун бүс нутагт нэг кг тутамд даруй 2000 төгрөгөөр илүү өртөгтэй борлуулагдаж байгаа аж. Харин цагаан будаа, элсэн чихэр, гурил кг тутамд 200 төгрөгний үнэтэй байна гэв.

 500 гаруй эхийг жирэмсний хяналтанд авчээ


Завхан аймгийн хэмжээнд тавдугаар сарын байдлаар нийт 484 эх амаржиж , 487 хүүхэд амьд төрж, 123 хүн нас баржээ.
Харин нэг хүртэлх насны хүүхэд найм эндэж, нийт халдварт өвчин 125 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад халдварт өвчин 60,9 хувиар, нас баралт 0.9 хувиар буурч, халдварт бус өвчин 11.1 хувиар өссөн байна. Тавдугаар сарын байдлаар аймгийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэгт нийт 6.3 мянган өвчтөныг 4.7 мянган ор хоногоор эмчлэн 509 жирэмсэн эхийг шинээр хяналтанд авсан байна.

Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өсчээ

Завханы Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхтэй хайж байгаа хүний тоо 1224 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс даруй 50 гаруй хувиар өссөн байна.
Үүнээс 662 эмэгтэй ажил идэвхтэй хайж байгаа нь ажилгүйчүүдийн 54.1 хувийг эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийг насны бүлгээр нь авч үзвэл 17.5 хувь нь 15-24 нас, 30.1 хувь нь 25-34 насныхан байгаа бол  30-аад хувь нь 35-44 нас, 0.6 хувь нь 60 дээш насны ажилгүйчүүд байна. Ажилгүйчүүдийн 2.1 хувь нь боловсролгүй, дөрвөн хувь нь бага боловсролтой, 50 гаруй хувь нь бүрэн дунд, 20 гаруй хувь нь дээд боловсролтой хүмүүс байгаа ажээ.

Арилжааны банкаар дамжуулан олгосон зээлийн дүн өсчээ


Завханд үйл ажиллагаа явуулдаг арилжааны дөрвөн банкаар дамжуулан 43 орчим тэрбум төгрөгийн зээлийг олгожээ.
Монгол банкны мэдээгээр эхний тавдугаар сард  гүйлгээнд 8 тэрбум 848.4 сая төгрөг, иргэдийн мөнгөн хадгаламжинд 65.2 мянган иргэний 78.7 тэрбум төгрөг байгаа нь иргэдийн мөнгөн хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 18 тэрбум төгрөгөөр өссөн байна. Аймгийн дүнгээр арилжааны банкуудаар дамжуулан 42.8 тэрбум төгрөгийн зээл олгосон нь өнгөрсөн оноос 9 тэрбум төгрөгөөр өссөн гэлээ.  Зээлийн сарын хүүг арилжааны банкуудаар авч үзвэл дунджаар ХААН банк 1.76 хувь, Хас банк 0.58-2.0 хувь, Төрийн банк 1.57 хувь, Капитал банк 1.5 хувь байна. Монгол банкинд арилжааны банкуудын үйлчилгээтэй холбоотой болон ажиллагсдын харилцаа хандлагын талаарх гомдол ирээгүй байна. Харин иргэний зээлийн мэдээллийн түүхийг зээлийн лавлагаанд тусгахгүй байх шийдвэрийн талаарх мэдээллийг иргэд авсан гэв. Тодруулбал Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 3 дугаарын сарын 9-ний өдрийн А-60 дугаар тушаалаар Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас мэдээлэл солилцох хүрээнд зээлийн лавлагаанд тусгахгүй байх иргэний зарим мэдээллийн нөхцөлийг тодорхойлсон ажээ. Энэхүү арга хэмжээ нь харилцагчийн эрхийг хамгаалах, санхүүгийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээх ач холбогдолтой бөгөөд банкны системийн зээлийн эрсдэлд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хэрэгжүүлж байгаа нэг удаагийн бодлогын арга хэмжээ юм хэмээн Завхан дахь Монголбанкнаас мэдээлжээ.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ