Хөөтийн уурхайгаас ховор элемент илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-05-10 16:32:23
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Хөөтийн уурхайгаас лити зэрэг ховор элементүүд илэрчээ. Тиймээс тус компанийн захирал Д.Цогтжаргал геологийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг УУХҮ-ийн сайдад танилцуулсан байна.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар саяхны өдрүүдэд Дорнод аймагт ажиллах үеэрээ Хөөтийн уурхайд геологи хайгуул, уул уурхайн ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай “Буман-Олз” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан юм. 
Энэ үеэр Хөөтийн уурхайн удирдлага “Матад сумын төвөөс 40 км зайд манай уурхай байрлаж байгаа тул сумыг шинээр төлөвлөн, барьж байгуулах ажлыг бүрэн дэмжиж байгаа. Төрөөс ямар шийдвэр гарна бид түүнийг дагах болно” гэдгээ илэрхийлэв.
2009 оноос хойш хөрс хуулалт, нүүрс олборлолт хийж байгаа тус компани ил уурхайн аргаар ашиглаж болох 11.1 сая тонн нүүрсний батлагдсан нөөцтэй аж. Хөөтийн уурхай өнгөрсөн онд 126,1 мянган тн нүүрс олборлосноос 93 мянган тонныг нь урд хөршид экспортолж, үлдсэнийг нь дотоодын хэрэгцээнд нийлүүлжээ. 
Харин цаашид уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлж, жилд 45-50 сая м.куб уулын цул, 7-10 сая тн нүүрс олборлон борлуулах төлөвлөвлөгөөтэй ажиллаж байна.
Одоогийн байдлаар тус компанид 130 гаруй монгол хүн ажиллаж байгаа юм. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ