Б.Батбаатар: Бог будаа тарихад ургамал хамгааллын бодис хэрэглэдэггүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-13 14:41:24
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хангал сумын “Амуун далай” ХХК-ийн захирал Батбилэгийн Батбаатартай уулзаж ярилцлаа.
- Хэзээнээс газар тариалантай ажил үйлсээ холбосон бэ? Ямар хэмжээний үйлдвэрлэл эрхэлж байна.
- Манай аав улсын тэргүүний тариаланч Батбилэг гэж хүн бий. Аавынхаа хөдөлмөрийг өвлөн 2016 оноос хойш “Амуун далай” нэртэй компани байгуулаад гурав дахь жилдээ ажиллаж байна.  Манай компани 70-80 га талбайд улаанбуудай, 10-20 га газар төмс, хүнсний ногоо тарьдаг. Энэ жил 40 га газар тэжээлийн ургамал овьёос тариалахаар “Мерси кор” олон улсын байгууллагад төсөл бичээд сонгон шалгараад гэрээ байгуулах шатандаа явж байна. Энэ төсөл болохоор малын тэжээл үйлдвэрлэх чиглэлээр хийгдсэн байгаа.
- Аймгийн газар тариалангийн салбарын энэ жилийн бодлогод тэжээлийн ургамал тариалалтыг нэмэгдүүлэн мал аж ахуйн салбарын тогтвортой байдлыг хангана гэсэн зорилго бий. Танайх энэ бодлогын үүднээс тэжээлийн ургамал тариалж байна уу?
- Манай компани малын тэжээл үйлдвэрлэж ирсэн. Зарим малчид малаа тэжээж байна гээд тэжээл овьёос, улаанбуудайг няцлахгүйгээр бүхэл хэлбэрээр нь өгөөд байдаг харсан. Тэгэхээр бүхэл буудай шим тэжээлийнхээ 50-60 хувь нь малдаа шингэлгүй бэлчээрт хаягдаад байгаа харагдсан. Тэжээл үйлдвэрлэл зайлшгүй хэрэгцээтэй юм байна гэж үзээд, БНХАУ-д үйлдвэрлэсэн бага оврын өдөрт 4-5 тонн тэжээл  үйлдвэрлэх хүчин чадалтай машин оруулж ирээд 3 ахь жилдээ тэжээл хийж байна.
Урьд жилүүдэд чанарын шаардлага хангахгүй хорчгор, хог хольц ихтэй улаанбуудайгаар тэжээл үйлдвэрлэдэг байсан бол энэ жил овьёосоор хийхээр төлөвлөсөн. Овьёос болохоор доторх уургийн агууламж өндөртэй байдаг. Энэ тэжээлийн ургамлын хувьд 10-13 хувь нь уураг, 40-45 хувь нь цардуул байдаг. Бас тос агуулдаг юм байна. Адуу, төл малд зориулан хүчит тэжээл үйлдвэрлэхэд хамгийн тохиромжтой гэж үздэг. Энэ төслийн буцалтгүй тусламжаар тэжээлийн ургамал тариалж малчдад нийлүүлэхээр ажиллаж байна.
 - Малын тэжээлээ хаана борлуулж байна. Орон нутгийн хэрэгцээнд зориулж байна уу?
- 2015 онд тэжээл үйлдвэрлэж эхэлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын аюулгүйн нөөцөд 30 тонн тэжээл багсармал тэжээл нийлүүлсэн байгаа. Малчид бага хэмжээтэй чанартай тэжээл малд ашиг шимээ өгсөн гэж үнэлсэн. Нэг кг-ыг 480 төгрөгөөр борлуулсан.
- Тэжээл үйлдвэрлэхэд будаанаас өөр хүчит болон эрдэс бодис хольж байна уу?
- Тэгнэ ээ. Овьёос, улаанбуудай түлхүү байхын дээр сүрэл, хужир давс хольдог. Малчид хахир хатуу цагт энэ тэжээлийг нийцэж байна гэж үзэж байгаа. Манай Хангал сум 600 гаруй өрх 75 мянган толгой малтай. Тодорхой хэмжээнд тэжээл нийлүүлээд байна. Тэжээлээ 25 кг-аар савлахад 12-13 мянган төгрөг болдог. Хивэг ямар үнэтэй билээ. Хивэг улаан буудайн хальс шүү дээ. Тийм зүйлийг малчид Орхон аймгийн зах зээлээс авдаг. Өнгөрсөн өвөл малдаа тэжээл өгдөг өгдөггүй айлын ялгаа их гарсан.
- Хаврын тариалалт эхэлж байна. Энэ жил үрээ хаанаас авсан бэ?
- “Сэлэнгэ” сортын үрийн буудайг “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн салбараас 70 га талбайд тариалахаар авлаа. Аавтайгаа зөвлөж байгаад тариалж байна. Өнгөрсөн жил ургац алдаад үр нөөцөлж чадаагүй. Ургацын улаанбуудай үрийн чанарт нийцээгүй учир хадгалаагүй. Энэ хавар 11,2 тонн үр татан авлаа. Эхлээд улаанбуудайгаа тариад дараа нь овьёосоо суулгах төлөвлөгөөтэй байна. Мөн 3 га газар эрт ургацын төмс тариалчихсан байгаа.
- Сэлэнгэ мөрний сав дагуу газар малчид тариалан эрхэлж байсан эртний уламжлал сэргэж байгаа. Орон нутгийн брэнд бүтээгдэхүүн тариалж байна уу?
- Манай компани бог будаа тариалдаг. Энэ жил 3-4 га талбайд тариална. Булганыхан бог будаа их авдаг. Үзэсгэлэн худалдаанд манай ээж 100 кг бог будаатай очоод нэг цагийн дотор борлуулчихдаг.
Бог будаа уураг ихтэй, органик гэдгээрээ чухал. Хүнсний бэлэн хэрэглээ. Цайндаа хийгээд дэвтээгээд иднэ. Манай нутгийнхан олон жил идэж хэвшсэн хүмүүс. Бог будаа авахаар Улаанбаатар хотоос захиалга өгдөг.
Энэ жилийн тарих үрээ нөөцөлчихсөн. Манай аав намайг бага байхад энэ будааг тарьж байсан. Зах зээлийн үед бог будаагаа хаялгүй өрхийн тариалан гэж эрхлээд явж байна. Бог будааг манай сум Сэлэнгэ, Тэшиг, Хутаг-Өндөр суманд тарьж байна.  Мөн манай нутагт 2-3 хүн тарьдаг. Энэ талаар “Сүмийн нуга” хоршооны Одгэрэл ах бидэнд их тусалж байгаа. Ноднин ургац сайн ургасан. Бог будаа тариалах, хураах зэрэг бүх зүйлийг гараар хийдэг. Маш их ажилтай. Бас их амт чанар сайтай, ургамал хамгааллын бодис хэрэглэгдэгүй учир жинхэнэ байгалийн бүтээгдэхүүн.
Ярилцсанд баярлалаа.
М.Батжаргал
Холбоотой мэдээ