Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх төслийг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-01 17:29:05

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн удирдах зөвлөлийн 6 дугаар хурал өнөөдөр Төрийн ордонд болов. 

Хуралд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Б.Болдбаатар нар оролцсон бөгөөд хурлаар “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн 2015 оны ажлын тайлан болон 2016 оны хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ. Энэхүү төсөл нь орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх механизм бий болгох, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог сайжруулах, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хяналтын үүргийг нэмэгдүүлэх, ИТХ-уудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, мэдээлэл, мэдлэг солилцох механизмыг боловсруулж орон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр ажилладаг. Мөн төлөөлөгчдийн үндэсний сургалтын хөтөлбөр, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын сайн туршлагыг баримтжуулах түгээх, хурлуудын хамтын ажиллагааг хангах, мэдлэг, мэдээлэл солилцох механизм бүрдүүлэх Khural.mn цахим хуудастай болсон зэрэг олон сайн үр дүн гарчээ. Үндэсний сургалтын хөтөлбөрийг бий болгоход ИТХ-ын төлөөлөгчдийн сэдэвчилсэн болон манлайллын сургалтын хөтөлбөр, гарын авлага, стандартыг боловсруулж, сургалтын хөтөлбөр агуулга стандартыг баримтлан аймаг, сумдын нийт төлөөлөгчдөд төлөөлөгчдийн, сэдэвчилсэн болон эмэгтэй төлөөлөгчдийн манлайллын сургалтыг зохион байгуулжээ.

Төслийн нэгдүгээр шат 2016 оны 12-р сарын 31-ээр дуусгавар болж, 2016-2020 оны хооронд 2-р үе шат үргэлжлэх юм байна. Тиймээс дараагийн үе шатны баримт бичгийг боловсруулах ажил 2016 оны эхний хагас жилд хийгдэхээр төлөвлөгдсөн. Мөн ирэх жил сургалтын хөтөлбөр агуулгыг боловсронгуй болгох, сургалтыг институтчлэх зэрэг төслийг хэрэгжилтийг сайжруулах аж. 

Хуралд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Томас Эриксон, Швейцарийн хөгжлийн агентлагийн Гүйцэтгэх захирал Габриелла Спирли болон албаны бусад хүмүүс оролцож, талууд төслийн үр дүнгийн болон зорилго, зорилтуудын талаар харилцан санал солилцлоо. 

Н.Туяа

Холбоотой мэдээ