Б.Мөнхзаяа: Орон нутагт сэтгэлзүйн зөвлөгөө хүргэхэд боловсон хүчний асуудал хүндрэлтэй байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-05-15 19:57:19
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Хүүхэд залуучуудын ордонд “Сэтгэлзүйн сургалт мэдээллийн төв” байгуулагдан Олон Улсын гэр бүлийн өдрөөр албан ёсоор нээлтээ хийлээ. Тус төвийн үйл ажиллагаа, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлд зөвлөгөө өгөх төвийн мэргэжилтэн Б.Мөнхзаяатай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөгийн нийгэмд стресс бухимдал ихээхэн үүсэх болсон энэ цаг үед Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Сэтгэлзүйн төвтэй болж байна. Төвийн зорилгын тухай ярилцлагаа эхэлье?
-Манай Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 2011 оноос анх сэтгэлзүйн үйлчилгээг орон нутагтаа хүргэж, 2013 онд хүүхэд, гэр бүлд зөвлөгөө өгөх танхимын үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Сүүлийн хоёр жил байрны хүрэлцээ муу байснаас уг танхим маань ажиллахгүй байсан ч бид сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг ард иргэддээ хүргэсээр ирсэн. Харин өнөөдөр “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан “Гэр бүлд зөвлөгөө өгөх төв”-ийг албан ёсоор нээж үйл ажиллагаагаа эхэлж байна. Энэхүү төв нээгдсэнээр орон нутгийн иргэд, олон нийтэд сэтгэлзүйн зөвлөгөөг ганцаарчилсан болон хосын /гэр бүлийн гишүүдэд/ хэлбэрээр хүргэхээс гадна мэдээлэл сургалтын үйл ажиллагааг давхар явуулах юм. Сэтгэлзүйн зөвлөгөө үйлчилгээг орон нутагт хүргэхэд боловсон хүчний асуудал хүндрэлтэй байгаа ч бид сэтгэлзүйн төв гэдэг утгаар нь байгуулж байгаа болохоор стандартын дагуу тохижилтод анхаарч орчныг бүрдүүлэхээр зорьж байна.
-Сумдад сэтгэлзүйчтэй болох гэж байгаа гэж дууллаа. Энэ ажлыг нийгмийн ажилтнууд нь давхар гүйцэтгэх үү. Боловсон хүчний асуудлыг хэрхэн шийдэж байна?
-Бид шинээр сэтгэлзүйч гэдэг хүнийг бий болгож хараахан чадахгүй байна. Гэхдээ нөөц боломжиндоо тулгуурлаад сургуулийн болон сумын нийгмийн ажилтныг үе шаттайгаар чадавхжуулж байна. Эхний сургалтаар сэтгэлзүйч гэж хэн бэ, юу хийдэг талаар онолын мэдлэг олгосон бол 05 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд гэр бүл, хүүхдэд анхан шатны зөвлөгөө өгөх практикт суурилсан мэргэжлийн 45 нийгмийн ажилтныг чадавхжуулах сургалтыг “Сэтгэлийн өнгө” сэтгэлзүйн төвтэй хамтран сэтгэлзүйч Г.Наранбаатарыг урин зохион байгуулж байна. Ингэснээр 18 сум 2 тосгоны нийгмийн ажилтан анхан шатны сэтгэлзүйн зөвлөгөөг өгөх онолын болон практик хосолсон чадвартай болж буйгаараа ихээхэн ач холбогдолтой юм.
-Сум, сургуульд нийгмийн ажилтны орон тоо байдаг хэдий ч тухайн иргэд, хүүхдүүдэд шаардлагатай сэтгэлзүйн зөвлөгөө өгч, хэн нэгэнд тэр бүр ярьж ойлголцож чаддаггүй зүйлээ хуваалцах, зөвлөгөө авах боломжийг олгодоггүй юм шиг санагддаг. Харин одоо бол эдгээр боломжууд бий болж байна гэж ойлгож болох уу?
-Сургуулийн орчинд ажиллаж байгаа нийгмийн ажилтан нийгэм, хүүхдэд чиглэсэн хамгааллын үйлчилгээг бүрэн дүүрэн хүргэж чаддаггүй. Багш, сургуулийн удирдлагууд хүүхэд хөгжлийн ажилтан гэх нүдээр хардгаас болж хийж байгаа үндсэн ажил нь хүүхэд хөгжлийн үйлчилгээрүү чиглэсэн байдаг. Гэтэл яг үнэндээ нийгмийн ажилтан нь нийгмийн буюу хүүхэд хамгааллын үйлчилгээг илүү үзүүлж, зохион байгуулж байх ёстой байдаг. Гэхдээ энэ маань одоогийн түвшинд огт хийгдэхгүй орхигдсон гэж хэлж болохгүй. Тодорхой хэмжээгээр өөрсдийн нөөц бололцоогоороо энэ чиглэлийн үйл ажиллагааг явуулж манай байгууллагад тайлан мэдээгээ өгдөг. Бидний чадавхжуулж буй нийгмийн ажилтнууд тухайн орон нутгийнхаа иргэд, олон нийт, хүүхдэд сэтгэлзүйн үйлчилгээг анхан шатны байдлаар үзүүлэх боломж бололцоог бүрдүүлэхэд анхаарч байгаа.
-Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудтай харьцуулахад манай аймаг харьцангуй тайван, стресс бухимдал бага. Энэ нь мэдээж орчин нөхцөлтэй холбоотой байх?
-Хот суурин газарт түгжрэл, ажлаа амжуулахгүй байх зэрэг стресс үүсгэх шалтгаан их байдаг. Харин орон нутагт нийгмийн зүгээс стресс үүсгэж байгаа хүчин зүйл бага. Манай аймгийн хувьд гэр бүлийн дотоод уур амьсгал, хувь хүний сэтгэлзүйн таагүй байдал даамжирч, цаг тухай бүрт асуудлаа шийдвэрлэж чадаагүй зэрэг нь стресстэх гол шалтгаан болж байна гэж ажиглагддаг.
-Танай төвд хандахын тулд хэрхэн холбогдох вэ?
-Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэсэн пэйж хуудас болон 99244234 утсаар холбогдоод цаг аван уулзах бүрэн боломжтой. Бид өмнө нь хүчирхийлэлд өртсөн хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчидтой ажиллаж байснаараа сэтгэлзүйн үйлчилгээгээ хязгаарлагдмал хүргэж байсан бол уг төв нээгдсэнээр иргэд олон нийтэд илүү нээлттэй, асуудал тулгарсан, стресстэй хүн бүхэн мэдээлэл авах боломжтой гэр бүл, хүүхэд, залуучууд, ахмад настан гээд нийгмийн хүн амын бүхий л бүлэгт хүрч өргөн хүрээг хамрах болсноороо онцлогтой юм.
-Танай байгууллагад ямар гэр бүлүүд ихэвчлэн ханддаг вэ. Тэдэнд өгдөг нийтлэг зөвлөгөөнөөсөө танилцуулвал?
-Манай байгууллагад хамтарсан багуудаас хүчирхийллийн харилцаатай гэр бүл, шүүхийн эвлэрүүлэн зуучлалаас гэр бүлээ цуцлуулах хүсэлт гаргасан зэрэг ихэвчлэн асуудалтай холбон зуучлах үйлчилгээгээр олон гэр бүл ирдэг. Гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрт явагддаг болохоор тэр бүр мэдэгддэггүй. Харин илэрсэн хүчирхийлэлтэй гэр бүлийг эргэн нэгтгэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, хохирогчийг хамгаалах, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг эерэг болгоход чиглэн ажилладаг. Мөн архины асуудалтай, амьдралын эхний жилүүдэд гарах хямралын үеээ давж чадахгүй, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн зэрэг шалтгаануудаас болж гэрлэлтээ цуцлуулахад хүрсэн залуу гэр бүлүүд их ирдэг. Эдгээр гэр бүлүүдийг харахад эхнэр, нөхөр 2 амьдралын эхний жилүүдэд ажлаа хийх, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гэх мэт амьдралын өдөр тутмын зүйлүүдээс болж нэгнийгээ мартаж, хөндийрсөн байдаг. Тэгэхээр үүсч байгаа асуудлыг цаг алдалгүй тухай бүрт нь хамтдаа ярилцаж шийдвэрлээд, даван туулах, нэгэндээ тавих анхаарал хайр халамжаа багасгалгүйгээр сэтгэлээ хуваалцах нь хамгийн чухал. Ингэж ярьж мэдрэмжээ нэгэндээ ойлгуулж чадвал асуудал үүсэхгүй байх боломжтой юм. Тиймээс би үйлчлүүлэгч гэр бүлүүддээ танай гэр бүлийн асуудал зөвхөн та хоёрын буюу эхнэр нөхрийн дунд үүссэн асуудал учраас ярилцаж ойлголцоод, шийдвэрлэх ёстой гэсэн учир шалтгааныг түлхүү ойлгуулахыг зорьдог.
-Гэр бүл зохиож байгаа залуусын багын төлөвшил суурь үндсээс цаашдын амьдрал ихээхэн шалтгаалдаг байх?
-Хүүхдийн хүмүүжил төлөвшилд чухал үүрэгтэй анхдагч орчин бол гэр бүл гэж үздэг. Эрэгтэй хүүхэд ааваасаа, эмэгтэй хүүхэд ээжээсээ үлгэр дуурайлал авч хүмүүжиж байдаг. Бид цэцэрлэг сургуулийн аль алинд нь гэр бүлийн боловсролыг орхигдуулснаас тогтворгүй, хүчирхийлэл, салалттай гэр бүлүүд нийгэмд их бий болсон. Тэгэхээр гэр бүлийн боловсролыг олгох чиглэлээр ерөнхий боловсролын хичээлийн програмд оруулан эцэг эхийн үүрэг хариуцлагыг сургуулийн наснаас ярих зайлшгүй хэрэгцээ тулгарч байна. Эцэг эхчүүд маань бага насны хүүхэддээ өдөрт 30 минутаас 1 цагийг байнга зориулах ёстой. Ингэхдээ үр бүтээлтэй цагийг хүүхэдтэйгээ хамтдаа өнгөрүүлэх буюу хүүхдийнхээ танин мэдэх, сурч боловсрох, хөгжихөд туслах зорилгоор хамтдаа аливааг хийх нь хамгийн үр дүнтэй гэсэн судалгаа гарсан байдаг.
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Миний асууж амжаагүй зүйл үлдсэн байж магад, асуултаа нээлттэй үлдээе?
-Манай хамт олон Хүүхэд, залуучуудын ордондоо хүүхэд, гэр бүл, залуучуудад ээлтэй үйлчилгээ үзүүлэх, чөлөөт цагаа өнгөрүүлэх, хөгжих боломжтой орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгаагаа хэлмээр байна. Алтай нутгийн ард иргэд маань хүүхэд хөгжлийн дугуйлангууд, залуус хөгжлийн төв, фитнес, спиннинг, зөвлөгөө өгөх төв, номын сан зэрэг бүх талаар хөгжих боломжтой манай үйлчилгээнүүдийг бүрэн аваасай гэж хүсэж байна. Мөн нас насны, зорилтот гэр бүлд чиглэсэн “Гэр бүлийн сургалтын танхим”-ыг тохижуулахаар төлөвлөж байна. Ингэснээр гэр бүлийг соён гэгээрүүлэх, хөгжлийн сургалт мэдээллийн үйл ажиллагаа тогтмол зохион байгуулагддаг болно гэдгийг хэлэхэд таатай байна. Гэр бүлийн өдрөөр “Гэр бүлд зөвлөгөө өгөх төв” маань байнгын үйл ажиллагаагаа явуулахаар нээлтээ хийлээ. Та бүхэн өөрт тулгамдсан асуудлаа шийдвэрлэж чадахгүй, танд стресс байгаа бол, магадгүй таны хүүхэд хүмүүжүүлж буй арга барил нэг л болохгүй, гэр бүлийн асуудалдаа санаа зовнин мэдээ мэдээлэл, зөвлөгөө шаардлагатай байна гэж бодож байвал манай төвд ажлын цагаар хандан үйлчлүүлэх бүрэн боломжтой шүү гэж хэлмээр байна.
-Цаг гарган мэдээлэл хүргэсэнд баярлалаа.
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ