Тарваган тахалтай тэмцэх дадлага сургуулилт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-15 23:06:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тарваган тахал өвчин гарсан үед авах хариу арга хэмжээний талаар дадлага сургуулилт өнөөдөр тус аймгийн Цагааннуур тосгонд боллоо.

Дадлага сургуулилтыг Монгол Улсын Шадар сайдын  2017 онд баталсан "Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам"-ын дагуу аймгийн ЗДТГ болон Зооноозын өвчин судлалын төв, аймгийн Засаг даргын харьяа мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгууллаа. Арга хэмжээнд ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын Хэрэглэгчийн хяналтын газар, Эрхүү хотын Тарваган тахлын өвчнийг судлах эрдэм шинжилгээний хүрээлэн, ОХУ-ын Кош-Агач муж, манай улсын Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын тандалт, тархвар судлалын болон халдвартын 80 гаруй эмч оролцлоо. 
 
"2017 оны улсын хэмжээнд тарваган тахлын 13 үүсгүүр илэрснээс 12 нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Улаанхус сум, Цагааннуур тосгоны нутаг дэвсгэрээс бүртгэгдсэн. Тарваган тахлын байгалийн голомт өндөр идэвхтэй, хүний өвчлөл гарах эрсдэл маш өндөр байгаа тул ийнхүү урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна" хэмээн аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Б.Анаргүл тайлбарлалаа. 
   
Дээрх чиглэлээр онолын сургалтыг Өлгий хотод өчигдөр зохион байгуулсан юм. Харин өнөөдрийн дадлага сургуулилтаар Цагааннуур тосгон болон Улаанбайшинтын хилийн боомтод хээрийн эмнэлэг дэлгэж, тарваган тахлын шинж тэмдэг илэрсэн иргэнийг хэрхэн тусгаарлах, шинжилгээг яаж гаргах, аюулгүй байдлыг хэрхэн хангах, ариутгах, цагийн байдлын мэдээ өгөх, байгуулга болгон ямар үүрэг гүйцэтгэх зэргийг газар дээр нь үзүүллээ.

"Хоёр улсын Эрүүл мэндийн яамдын хооронд байгуулсан гэрээний хүрээнд ОХУ-ын Зоонозын өвчин судлалын газартай хамтран өнгөрсөн жилээс судалгаа шинжилгээ хийж байгаа. Судалгаанаас Баян-Өлгий аймагт тарваган тахал гарах өндөр эрсдэлтэй гэж гарсан юм. Иймээс Зооноозын өвчин судлалын үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төслийн багтай хамтран дадлага сургуулилт хийсэн бөгөөд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, боловсон хүчнээ чадавхжуулсан, тоног төхөөрөмж, ажиллах хүчний бэлэн байдлыг шалгасан, цаашид анхаарах асуудлуудыг тодорхойлсон үр дүнтэй арга хэмжээ болсон" гэдгийг аймгийн Засаг дарга А.Гылымхан онцоллоо.

Тарваган тахал өвчин гарсан үеийн хариу арга хэмжээ авах дадлага сургуулилтыг талууд маргааш ОХУ-ын Кош-Агач дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулна.   


 


Ө.Нурболат


Холбоотой мэдээ