С.Чинзориг: 2018 оны дөрөвдүгээр улиралд төрийн албан хаагчдын цалинг нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-18 15:32:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос эмч, багш нар болон төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлаар дараах зүйлийг тодрууллаа.
 
-Эмнэлгийн байгууллагын ажилтнууд цалингаа 50 хувь нэмэхийг шаардаж, суулт зарлаад байгаа. Цалин ийм хэмжээнд нэмэх боломж байгаа юу. Ер нь төрийн албан хаагчдын цалин нэмэх тал дээр Засгийн газар ямар байр суурьтай байгаа вэ?
 
-2018 онд төрийн албан хаагчдын цалин нэмэхгүй гэдэг шийдвэр гарсан. Мөн ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж байгаа төрийн албаны шатлалыг ахиулахгүй байх, зэрэг дэв нэмэгдүүлэхгүй байх шийдвэрийг УИХ гаргасан.Гэхдээ манай Засгийн газар байгуулагдсан цагаас хойш Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. 2017, 2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнд Засгийн газар хоёр үүрэг хүлээсэн. Амьжиргааны түвшний өөрчлөлттэй уялдуулаад төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар ОУВС-тай хэлэлцээр хийх үүрэг авсан. 2018 оны хоёрдугаар улиралд багтааж төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх нэмэлт хэлэлцээр хийх үүргийг хүлээсэн. Засгийн газар энэ хоёр үүргээ хоёуланг нь биелүүлэхээр ажиллаж байна. 2018 оны хоёрдугаар сарын эхээр ирсэн ОУВС-ын төлөөлөлтэй уулзаж, 2014 оноос төрийн албан хаагчдын  цалинг нэмээгүй, иргэдийн худалдан авах чадвар унаж байна. Тиймээс төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шаардлага байна гэж ярьж байгаад энэ оны дөрөвдүгээр улиралд багтаагаад төрийн албан хаагчдын цалинг нэмэх зөвшилцөлд хүрсэн. Өөрөөр хэлбэл, 2017, 2018 онд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэхгүй гэж ОУВС-тай байгуулсан гэрээндээ өөрчлөлт оруулахаар болсон. Мөн 2018 оны хоёрдугаар улиралд багтаан цалин нэмэгдүүлэх хэлэлцээр байгуулах үүргийнхээ дагуу хэлэлцээ хийгээд явж байна.

-Гэхдээ жагсаж байгаа хүмүүс цалинг 50 хувь нэмэхийг шаардаж байгаа шүү дээ?

-Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэл цалинг 50 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа.  Гэхдээ улс орны төсөв санхүүгийн байдал ямар байгааг бид сайн мэднэ. Монгол Улсын төсвийн зарлага 7 их наяд төгрөг. Энэ 7 их наядын 1.7 их наяд нь цалингийн сан байна. 1.9 их наяд нь Нийгмийн даатгалын сангаас олгогдож байгаа өндөр насны тэтгэвэр, 2.3 их наяд нь гадаад улс оронд төлж байгаа зээл, зээлийн хүү. 500 орчим тэрбум төгрөг нь халамжийн сангийн зардал юм. Тиймээс төрийн албан хаагчдын цалинг огцом 50 хувиар нэмэх боломж байхгүй. Өнгөрсөн жилийн хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулахдаа төрийн албан хаагчдын цалинг инфляцийн төвшинтэй уялдуулж нэмэх чиглэлээр ОУВС-тай хэлэлцээр хийж, цалинг тодорхой хэмжээгээр нэмэх үүрэг авсан. Гурван тал гурвуулаа гарын үсэг зурсан. Тэгэхээр одоо Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд нэмэлт хэлэлцээр байгуулсан хэлэлцээрээсээ давсан шаардлага тавьж байгааг гайхаж байна. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын цалинг инфляцийн төвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх чиглэлээр ОУВС-тай хэлэлцээр хийж ажиллана гэсэн үүргийг авч гурван тал гарын үсэг зурж, Засгийн газарт өгсөн. Энэ үүргээ Засгийн газар биелүүлж, 2017, 2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй царцаана гэсэн хөтөлбөртөө өөрчлөлт оруулан инфляцийн төвшинтэй уялдуулан цалингаа нэмэхээр боллоо. Яг иймд үед амлалтаасаа давсан шаардлага тавьж байгааг гайхаж байна.

-Энэ онд цалин нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж болох уу?

-Төрийн албан хаагчийн цалинг энэ оны дөрөвдүгээр улирлаас эхлээд инфляцтай уялдуулж нэмэгдүүлнэ. Ирэх оноос ч мөн адил инфляцтай уялдуулж нэмнэ. Инфляцтай уялдуулахгүй бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Өөрөөр хэлбэл, цалин нэмсэн нь сөрөг үр дагавар дагуулах эрсдэлтэй. Тиймээс инфляцийн төвшингөөс давуулан нэмэх боломжгүй.

-Хүүхдийн мөнгөний хамрах хүрээг 20 хувиар нэмэгдүүлэхдээ санхүүжилтийг хэрхэн шийдсэн бэ?
 
-Засгийн газраас эдийн засгийн боломжтой уялдуулаад хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгоно гэж төсөвт тусгасан. Одоогоор 684 мянган хүүхдэд олгож байна. Нэмж 20 хувьд нь олгохын тулд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багцад байгаа Нийгмийн халамжийн нэмэлт хөтөлбөр гэж төсөвт тусгасан 41 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон. Цаашид хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилт бий. Тиймээс 2019,2020 онд Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг хангаж ажиллах зорилт тавиад байгаа.
 
-Хүүхдийн мөнгийг хүүхдүүдийн 80 хувьд олгоход дахин амьжиргааны төвшний судалгаа хийх үү?
 
-2013,2015,2017 онд өрхийн амьжиргаа төвшин тогтоох судалгаа хийсэн. Энэ судалгаан дээр үндэслээд хүүхдийн мөнгөний хамрах хүрээг нэмэх боломжтой. Хүссэн бүх хүүхдэд мөнгө өгөх боломжгүй. Төсөв, хөрөнгөний хувьд боломж байхгүй. Одоо УИХ-аар нийт хүүхдийн 80 хувьд нь мөнгө олгох асуудлыг хэлэлцэж байна. Батлагдвал олгоод явна. Өмнө нь бүх хүүхдэд мөнгө олгож байх үед  5-6 хувь нь мөнгөө авдаггүй байсан байна лээ. Харин 95 орчим хувь нь хүүхдийнхээ мөнгийг авч байсан. Хүссэн хүүхэд бүрд хүүхдийн мөнгө өгнө гэвэл цаана нь 15 орчим хувийн хүүхэд нэмэгдэж түүнийгээ дагаад санхүүжилт босгох шаардлага үүснэ. Тиймээс нийт хүүхдийнхээ 80 хувьд нь мөнгө олгоё. Гэхдээ 80 хувь дотроо өргөдөл өгсөн айлын хүүхдэд мөнгө өгөх юм.

-Ирэх онд бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг нөхөж олгоно гээд байгаа. Тэгэхээр санхүүжилтээ хэрхэн төлөвлөж байгаа вэ?

-Ирэх онд хүүхдүүдийн 80 хувьд нь олгох асуудлыг төсвийн хүрээний мэдэгдэлдээ тусгаад явж байна. Улс орны төсөв, санхүүгийн байдал сайжирвал хүүхэд бүрд өгнө гэсэн зорилтыг хангаж ажиллана. 8 дугаар сард Олон улсын валютын сангийн ажлын хэсэг манай улсад ирж ажиллана. Ажлын хэсэг хүүхдүүдийн мөнгийг 20 хувиар нэмэх үү, үгүй юу гэдэг асуудлыг эцэслэн хэлэлцэнэ гэсэн чиглэл барьж ажиллаж байна.
Н.Гантуяа
Холбоотой мэдээ