Сүргийн бүтэц алдагдсан байна гэж үзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-20 13:53:22
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн статистикийн хэлтсээс гаргасан 2017 оны мал аж ахуйн үйлдэрлэлийн танилцуулгад мал аж ахуйн нөхөн үйлдвэрлэл, сүргийн бүтэц, хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироо алдагдсан байна гэж дүгнэжээ.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийг хэвийн хэмжээнд эрхлэхэд бод малын 50.0-55.0 хувь, бог малын 60.0-65.0 хувийг хээлтэгч мал эзэлж байвал зохимжтой гэж үздэг байна. Гэтэл тус аймгийн хувьд бод малын 34.8-39.1, бог малын 46.2-47.2 хувь хээлтэгч мал байгаа нь мал аж ахуйн нөхөн үйлдвэрлэлийн хэвийн нөхцөл алдагдаж, сүргийн бүтцэд хээлтэгч малын эзлэх жин бага байгааг харуулжээ.
Мөн хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироо алдагдаж, нэг хээлтүүлэгчид ингэ 2, үнээ 16, эм хонь 47, эм ямаа 40 толгойгоор илүү ноогдож дүн гарсан байна.
2017 онд аймгийн дунджаар нэг буурт 22 ингэ, азарганд 10 гүү, буханд  41 үнээ, хуцанд 97 эм хонь, ухнанд 90 эм ямаа ноогдож байна.
Мал тооллогын дүнд үндэслэн хээлтүүлэгчийн тоог нэмэгдүүлэх, эрчимжсэн аж ахуй, цэвэр үүлдрийн мал бүртгэл, ангилалтыг ажлыг сайжруулах, мал аж ахуйн  бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих түүнд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллага хийжээ.
М.Батжаргал
Холбоотой мэдээ