Сэлэнгийн "Шарлангын гол"-ын түймэр унтраах нэмэлт хүч илгээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-05-21 11:53:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” хэмээх газар (сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т) ойн түймрийн голомт руу нэмэлт хүч илгээхээр болов. Анх түймэр гарсан дуудлагаар аймгийн ОБГ-ын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Ганболдоор ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 20 алба хаагч, “Хан-Хэнтий” тусгай хамгаалалтын газрын 12 ажилтан нийт 32 хүн, 3 автомашин, 6 морьтой гал түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байна. Сэлэнгэ аймгийн ихэнх нутгаар тур тунадасгүй, хуурайшилт эрчимтэй явагдаж, улмаар салхины хурд, хүч ихтэй байгаагаас түймрийн нөхцөл байдал хүндэрчээ.  ОБЕГ-ын даргын тушаалаар ойн түймрийг шуурхай унтраах, газар дээр нь удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах зорилгоор нэмэлт хүч болгон ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр нараар ахлуулсан Аврах тусгай ангийн 20 алба хаагчийг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэргээр түймрийн голомт руу  өнөө өглөө очсон бол  мөн Сэлэнгэ, Дархан Уул аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагчийг нэмэлт хүчээр түймрийн голомтод  хүргэхээр шийдвэрлэв гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ