Хүүхдийн өөрөө удирдах байгууллагуудын түүхэн ном бүтээж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 10:25:33

Энэ жил хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Ойгоо тохиолдуулан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс /ХГБХХ/-ээс санаачлан тус аймагт ажиллаж байсан хүүхдийн өөрөө удирдах байгууллагуудын үе үеийн түүхийг өгүүлсэн “Дурсамж дүүрэн 90 жил” номоор бэлэг барих гэж байгаа юм.

Өмнөговь аймгийн хэмжээнд “Өсөх нахиа” клуб, “40 жил кинотеатр”, “Өсвөрийн сэргийлэгчид” зэрэг хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагууд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байжээ. Тухайлбал “40 жил кинотеатр”-ын хувьд аймгийн кино театрт мотороор кино гарган үзүүлж, утга санааг хүүхдүүд хоорондоо ярилцдаг байжээ. Улмаар 1964 онд 200 гаруй хүүхдэд кино механикчийн 3-аар зэргийн үнэмлэх хүртэл олгож байсан түүхтэй.

 Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймагт 176 хүүхдийн өөрөө удирдах байгууллага ажилладаг бөгөөд хүүхдийг алсын хараатай, зорилготой хүн болгож хүмүүжүүлэхэд нөлөөлөх зорилгоор аймгийн ИТХ-ын дэргэдэх хүүхдийн “Мини парламент”-ийг сүүлийн 3 жилийн туршид ажиллуулж байгаа юм. Тус парламент 39 гишүүнтэй бөгөөд сургуулиудын манлайлагч сурагчдыг сонгон дотроос нь хурлын дарга, нарийн бичгийн даргыг сонгуулан ажиллуулдаг байна. Мөн ХГБХХ-ийн дэргэд “Хүүхдийн нэгдсэн зөвлөл” ажилладаг ба 20 гишүүнтэй. Энэхүү зөвлөл тухайн жилдээ хуралдаж, хүүхдүүдийн дунд ямар арга хэмжээ зохион байгуулах, ямар мэдлэг мэдээлэл шаардлагатай, сургуулиа төгсөөд оюутан болоход ямар мэдлэг мэдээлэл, дадлага туршлагыг хуримтлуулах хэрэгтэй зэрэг сургалт мэдээллийн ажлыг зохион байгуулдаг байна.  

Өмнөговь  аймаг   С.Сумьяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд