Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг концессоор барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-23 14:54:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Таван Толгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх, Төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх бодлогын хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг концессоор барих шийдвэрийг Засгийн газраас өнөөдөр гаргалаа.

Энэхүү шийдвэртэй холбогдуулан “Зүүнбаян төмөр зам” компани байгуулж, 51-ээс доошгүй хувийг нь “Монголын төмөр зам” төрийн өмчит компанид эзэмшүүлэх болсон байна. Ингэхдээ зураг төсөл гаргах, барих, ашиглах шилжүүлэх нөхцлөөр концесс эзэмшигчидтэй гэрээ байгуулж хэрэгжүүлэх болжээ. 

Тавантолгой-Зүүнбаян чиглэлд 414 км урт төмөр зам тавьснаар уул уурхай, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэр, экспорт нэмэгдэж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулна гэж тооцоолж байгаа аж. 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас тодруулахад "Төмөр замын асуудлыг бид олон жил ярьсан. Одоо хүртэл гацаатай байна. Бид нүүрсээ дэлхийн зах зээлд гаргахаар ярьж байна. Ингэхийн тулд төмөр зам барих шаардлагатай. Төмөр зам баригдсанаар стратегийн ач холбогдолтой. "Тавантолгой-Гашуун сухайт"-ын чиглэлийн зам үргэлжилнэ. Төмөр замтай болсноор илүү их ашигтай ажиллана, энэ хэрээр иргэдийн 1072 хувьцаа эдийн засгийн эргэлтэд орно” хэмээсэн юм. 

Төмөр замын бүтээн байгуулалтын ажил энэ зун эхлэхээр төлөвлөгджээ. 
Н.Туяа
Холбоотой мэдээ