Ёс суртахуунтай, хараат бусаар ажиллахыг ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшигчдэд анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-05-23 17:41:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг томилох саналыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн байна.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Н.Учрал, Б.Дэлгэрсайхан нарын гишүүд Үндсэн хуулийг сахин хамгаалах үйл ажиллагаагаа өндөр ёс суртахуунтай, хараат бусаар, хууль дээдлэх зарчимд нийцүүлж ажиллахыг нэр дэвшигчдэд анхааруулав. Түүнчлэн Үндсэн хуулийн цэц улс төр, бизнесийн нөлөөллөөр аливаа асуудалд хандаж, шийдвэр гаргадаг гэх олон нийтийн шүүмжлэл гарч байгааг сануулсан юм.

Ийнхүү санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн олонх нэр дэвшигчдийг томилохыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах болов.

Мөн УИХ-ын дарга М.Энхболд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын оронд Ш.Солонгыг нэр дэвшүүлэх саналаа танилцуулсан. Уг саналыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ