Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-24 14:17:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх байсан боловч АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авснаар хойшлууллаа.

Мөн АН-ын бүлэг Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалд Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хуулийн саналыг тусгах ёстой учраас завсарлага авахыг хүссэн юм.  

Үүний дараа Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай хуулийн тогтоолын төслийг хэлэлцэв. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай хуулийн тогтоолын төслийг хэлэлцэж, тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82 хувийн саналаар дэмжигдлээ.
Уг төсөлд татварын шинэчлэлийг хөгжүүлэх, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн эрсдэл даах чадварыг бэхжүүлэх, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх чиглэлээр хэд хэдэн зорилт тавьсан байна. Эдгээр зорилтыг хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 8 хувь, инфляцын түвшин 8 хувиас ихгүй, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 6.1, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн өрийн түвшин 2019 онд 55.3 хувь, ажилгүйдлийн түвшин 7.5 хувиас хэтрэхгүй байх нөхцөл бүрдэнэ хэмээн Засгийн газар үзжээ. Энэ хүрээнд Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд нийт 20 зорилт, 123 арга хэмжээний хүрээнд 8.6 их наяд төгрөг зарцуулахаар тусгаад байгаа юм.

Н.Туяа

 
Холбоотой мэдээ