Завханд болсон "Жорлонгоо өөрчилье" сургалтад 360 гаруй иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-05-25 01:45:08

Завхан/МОНЦАМЭ/. "Нутгийн шийдэл" сангаас "Цэвэрч Монгол" төслийн хүрээнд "Жорлонгоо өөрчилье" сургалтыг Завхан аймгийн Улиастай сумд хоёр удаа, Тосонцэнгэл, Алдархаан сумуудад зохион байгуулж 24 сумын төлөөлөл 360 гаруй иргэн хамрагдлаа. Өөрөөр хэлбэл бусад аймгуудтай харьцуулахад тус сургалтанд хоёроос зургаа дахин их хүн оролцсон байна. Сургалтыг өргөн хүрээнд, үр дүнтэй зохион байгуулахад аймгийн удирдлагуудаас гадна УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар томоохон үүрэг гүйцэтгэж, тойргийнхоо сумдад сургалтыг явуулахад санаачилга гарган хамтран ажиллажээ.
Энэ сургалт бол зөвхөн жорлонгоо өөрчлөх тухай асуудал биш, сумаа өөрчлөх, орчноо өөрчлөх асуудал юм. Энэ төсөл Завхан аймгийн санаачлан хэрэгжүүлж буй "Миний гоё сум" төслийн зорилго, үйл ажиллагаатай тохирч байгаа учраас ач холбогдол өгч хамтран ажиллана. Сэтгэл, санаачилга гаргаад эв нэгдэлтэй, нэг баг болж хамтран ажиллаж чадвал аймаг орон нутаг хурдан хөгждөг. Үүний нэг тод жишээ бол Дундговь аймгийн Гурвансайхан сум, Сүхбаатар аймаг юм. Хэн нэгнийхээ санаачилж эхлүүлсэн ажлыг унагах бус, хамтдаа хөгжих хэрэгтэй байгааг аймгийн Засаг дарга Д.Батсайхан сургалтанд оролцогчдод дуулгав.

Сургалтын үеэр оролцогчид аймгийнхаа онцлогт тохирсон технологийн сонголтын дадлага хийж, төлөвлөгөө гаргасан байна. Айл бүрт жорлонгоо өөрчлөх сонголтууд бий. Жорлонгоос гарах бүтээгдэхүүнээс нь хамаараад олон технологиудыг сургалтын үеэр танилцуулжээ. 24 сумаас ирсэн иргэдэд эхний ээлжинд ийнхүү тодорхой мэдээлэл өгч, ном сурах бичиг, бусад гарын авлага материалаар үнэ төлбөргүй хангасан юм. Цаашид сургалтанд оролцсон хүмүүс нэг нэгнээсээ туршлага судалж хамтран ажиллах юм байна.

"Үр хойчоо цэвэр цэнгэг устай үлдээе гэвэл хамтдаа жорлонгоо өөрчилье" хэмээн уриалав

Завхан аймагт зохион байгуулсан “Жорлонгоо өөрчилье” сургалтад УИХ-ын гишүүн З.Нарантуяа биечлэн оролцсоноос гадна өөрийн төрсөн нутаг Алдархаан суманд сургалтын багийг урьж иргэдтэйгээ уулзуулжээ. Жорлон гэдэг бол эрүүл мэндээ хамгаалах, үл хөдлөх хөрөгийн үнэ цэнэ, бизнес боломжоо  нэмэгдүүлэх олон чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт юм. Тиймээс сургалтанд хамрагдсан иргэд "Жорлонгоо өөрчилье" төслийг орон нутагтаа дэлгэрүүлж манлайлсны үр дүнд тухайн орон нутаг өөрчлөгдөх ёстой. Аймгийн удирдлагууд болон сургалт зохион байгуулагчдын зүгээс 24 сумаас ирсэн иргэд сум сумандаа сургагч багш болж, энэ сургалтыг цааш нь үр дүнтэй үргэлжлүүлж, Завханчууд манлайлж өөрчлөлтийг хийнэ гэдэгт итгэлтэй байгааг төслийнхөн мөн үеэр онцоллоо. Мөн үеэр "Нутгийн шийдэл сан"-гийн тэргүүн Ц.Оюунгэрэл: "Цэвэр усны ундарга, эрүүл мэндээ хамгаалж, үр хойчоо цэвэр цэнгэг устай үлдээе гэвэл хамтдаа жорлонгоо өөрчилье" хэмээн оролцогчдод уриаллаа. "Нутгийн шийдэл сан" таван жилийн өмнөөс жорлонгийн төрөл бүрийн төслүүд хэрэгжүүлж эхэлсэн байна. 100 гаруй жорлон барьсны дараа хүн бүрийг жорлонгоо өөрчлөхөд туслах нь хамгийн зөв арга гэдгийг олж харжээ. Тиймээс "Жорлонгоо өөрчилье" номыг бичиж, энэхүү номонд бүх технологийг багтаасан олон төрлийн шийдлүүдийг тусгасан байна. Илүү үр дүнтэй, бодитой мэдээлэл өгөхийн тулд аймаг бүрт сургалт зохион байгуулахаар шийдэж 19 дэхь аймаг буюу Завхан аймагт сургалтаа зохион байгуулснаар нийт 2500 орчим иргэнийг сургалтанд хамруулаад байгаа ажээ.

“Жорлонгоо өөрчилье” номонд:  “-Бидний хэлж заншсанаар жорлон буюу ариун цэврийн байгууламжийг байгал орчин, хүний эрүүл мэндэд хоргүй болгож өөрчлөх нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, хөгжил дэвшилийн нэгэн үзүүлэлт болжээ. Хоол унд, хувцас хунар зурэг анхан шатны ахуйн хэрэглээнээс илүүтэй бие засах нь хүний хамгийн чухал хэрэгцээ юм. Энэхүү хэрэгцээ нь өнөөдөр эрүүл амьдрах үндэс, тав тух, соёл болтлоо хөгжиж байхад бид модон жорлонтойгоо зуны улиралд үер хэмээх том аюулд өртсөн хэвээр амьдарч байна.
Аливаа хүн нүдэнд харагдах зүйлдээ л их ач холбогдол өгдөг. Гэтэл нүдэнд үл үзэгдэх нян хэмээгч нь та бидний амьдралд төсөөлөхөд ч бэрх хор уршиг дагуулж байдаг ажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар нэг грамм өтгөн ялгасанд 16 сая вирус, нэг сая бактери, 1000 паразитын цист, 100 паразитын өндөг агуулагддаг болохыг тодорхойлсон байдаг.
Жорлонгоос үүдэлтэй цусан суулга, сальмонёллёз, гэдэсний хижиг, савханцарын халдвар, балнад, суулгалт, вируст хипатит А, хүнсний гаралтай бактерт хордлого зэрэг долоон төрлийн гэдэсний халдварт өвчин манайд хүртгэгдсэн байна. Нийт халдварын 30 орчим хувийг цусан суулга, 20-30 хувийг сальмонёллёз эзэлдэг. Гэдэсний халдварт өвчнөөр өвчилсөн хүн эмчилгээний явцад эдгэрдэг ч 10 жил нян тээгч болж үлдэх аюултай байдаг. 

Эрүүл мэндэд нийцсэн жорлон ямар байх ёстой вэ?

Хүүхдийн гэдэсний өвчлөл, холерийн халдвар, цусан суулга, элэгний В, С вирус гээд тоолж баршгүй олон өвчин дэлхийн ядуу хүн амыг хамгийн түрүүнд нэрвэгддэг. Эдгээр өвчлөлийн давтамж өсөх, гэдэсний халдвараар хүүхэд эндсэн мэдээлэл ихсэх нь тухайн оронд “жорлон нь бохир ялаатай юм байна” гэдгийг шууд илэрхийлдэг. Дэлхийн 7 тэрбум хүн амын талаас илүү хувь нь жорлонгийн “зочин” ялаанаас болж өвчилдөг. Японы барилга угсралтын “Lixil” компани ядуу иргэдийн төлж чадах хэмжээний хямд өртөгөөр үүнтэй тэмцэх санаа гаргаж ирсэн. Тэд маш бат бөх хуванцараар “СаТо” хэмээх хямд бүтээгдэхүүнийг хийсэн байна. Нүхэн жорлон, тавцантай хувин, сав, поошигон жорлон дээр суурилуулахад зориулсан “СаТо” суултуурын ид шид  нь суултуурын ёроол нь битүү байдагт оршино. Ингэснээр жорлонгийн муухай үнэр гадгашлахгүй, ялаа орохгүй, гэдэсний халдвар тархахгүй ажээ. “СаТо” суултуурт бие засах үед ялгадасны жингээр суултуурын нүхний таглаа доошоо онгойж, өтгөн, шингэнийг унагаана. Бие зассаны дараа аягахан ус хийхэд л өнөөх таглаа дахин онгойж усыг зайлуулна. Таглаа хатуу пүршний тусламжтайгаар тэр дороо буцаж хаагдана.
Ийм сайхан таглаатай жорлон хийчихээд доод талын худагт нь анхаарахгүй бол мөн л өвчилсөн хэвээр байх юм. Тиймээс дараагийн танилцуулах жорлон бол “Нэг загварын соруулдаг жорлон” юм. Үүний жишээ нэгэн улсын түүхийг хэлье. Уганда улс нь өмнө нь хөрс бохирдуулдаг нүхэн жорлонгоо сайжруулах гэж олон жилийн турш оролдож байх зуураа сайн, муу олон жишээтэй болж, тэр бүхэн нь сургамж болон үлдэж байжээ. Тухайлбал: Айл бүр гэр гэртээ жорлонгийн нүхийг цементээр цутгаж, доторлон соруулдаг болгоход өртөг өндөртэй байсан бөгөөд шаардлага хангахгүй нь олон жилийн туршилтаар нотлогджээ. Чадал бүл сайтай айлууд бэлэн стандартыг ашиглаад сайхан жорлонтой болж чаддаг ч, хүн хүч муутай айлууд ухсан нүхний ханыг бетоноор цутгахын оронд хуванцар хальс буюу гялгар цаас дэвсэх зэргээр “Соруулдаг” жорлон болгон хувиргаж байжээ. Зарим айлууд жорлонгийнхоо бүхээгт их мөнгө зарцуулж, битүү тоосгоор барьсан хэрнээ нүхний ханыг хэт нимгэн бетондсоноос хөрс рүү бохир шүүрсээр байв.
Эцэст иргэд бүгдээрээ ярилцаад олон жижиг хот, тосгонд нэг стандартын, хөрс үл бохирдуулагч, давхарлаж өрсөн бетон хоолойтой, бетон суурьтай жорлонтой болсон байна. Шинэ жорлон байгуулснаар хөрсний бохирдол эрс буурав. Цемент, барилгын үйлдвэрлэлд ч ажлын байр нэмэгджээ. Бохир соруулагч машины үйлчилгээний хүртээмжээс хамааран айл өрхүүд нэг нүхтэй жорлонгоо 2-3 салбар нүхтэйгээр хийлгэх боломжтой болжээ. Мөн угаадас асгах тагийг тусад нь байрлуулсан байна. Хүмүүс жорлонгооо дүүрэх дөхөхөөр 10 орчим доллараар дуртайяа соруулдаг болсон төдийгүй, гэдэсний халдварт өвчлөлийг багасгаж, эрүүл мэндийн зардал хэмнэсэн цэвэрхэн жорлонтой болсондоо сэтгэл хангалуун үлджээ” хэмээсэн байна. 

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ