“МИНИЙ ЭХ ОРОН” үзэсгэлэн Орхон, Булган аймагт нээлтээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2018-05-28 17:16:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий болон Монголын нэн ховордсон зэрлэг ан амьтан, ховор ургамал, байгалийн үзэсгэлэнт газрууд, Монгол орны дөрвөн улирлын өнгө төрхийг илэрхийлсэн 40 гаруй бүтээл бүхий “Миний эх орон” үзэсгэлэн Орхон, Булган аймагт дэлгэгдэн иргэдийн нүд болоод сонорыг мялаалаа. Энэхүү бүтээлүүд нь залуу гэрэл зурагчин Х.Сэргэлэнбатын 10 жилийн хөдөлмөр зүтгэл билээ.

“Миний эх орон” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэнг гаргах санаачлагыг  БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Цэнгэл гаргаснаар ийнхүү ажил хэрэг болж одоогоор гурван аймгийн иргэдийн хүртээл болоод байна.

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Цэнгэл үзэсгэлэнгийн үеэр, “Байгаль дэлхийгээ хайрлах ухааныг хүн бүр өөрийн чадах хэмжээнд зааж, өвлүүлэн үлдээх нь хамгийн чухал. Уур амьсгалын өөрчлөлт болон хүний буруутай үйл ажиллагаа зэрэг олон зүйлийн нөлөөгөөр хүрээлэн буй орчин өөрчлөгдөн хувирсаар байгаа юм. Тиймээс жилээс жилд тоо толгой нь цөөрсөөр байгаа амьтан, ховордсон ургамлын тухай мэдээллийг ирээдүй хойч үеийнхэндээ үлдээх зорилгоор гэрэл зурагт буулган сурталчлан таниулах энэ санаачлагыг гаргасан” гэлээ.

Булган аймгийн удирдлагууд танин мэдэхүйн байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэж байгаад баяртай хүлээн авч, энэ онд тохиох 80 жилийн ойн хүрээнд гаргаж байгаа чухал арга хэмжээ хэмээн онцолсон юм. Аймгийнхаа сурагчдын хүрээнд үзэсгэлэнгийн бүтээлүүдийг сонирхуулж, үзүүлэх ажлын зохион байгуулна гэлээ. Мөн ирэх хичээлийн жилээс эхлэн аймгийнхаа сумдаар “Миний эх орон” үзэсгэлэнг “аялуулах”-аар төлөвлөж байгаагаа дуулгав.

“МИНИИ ЭХ ОРОН” үзэсгэлэн нь Монгол орны байгаль, түүх, соёл, шинжлэх ухааны давтагдашгүй их өвийг үе дамжуулан үлдээх, Дэлхийд болон Монголд ховордсон зэрлэг ан амьтан, ховор ургамлын төрөл зүйлүүд, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах ухамсрыг гэрэл зургаар дамжуулан бий болгож, бүх нийтийг байгалиа хамгаалахад уриалах зорилготой. Энэ үзэсгэлэнгээ  Булган, Орхон  аймагт нээж иргэдийн хүртээл болголоо. Энэ ондоо багтаад 21 аймагт үзэсгэлэнг толилуулах юм. Үзэсгэлэн гэрэл зураг, видео бичлэг, оюун ухаан хөгжүүлэх таавар бүхий тоглоом гэсэн гурван хэсгээс бүрдэж байгаа аж.

Үзэсгэлэнгийн үеэр Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлаын газрын дарга С.Жаргалсайхан, “Миний эх орон” гэрэл зургийн үзэсгэлэн Орхон аймагт нээгдсэнд баяртай байна. Тэр тусмаа үзэсгэлэнд тавигдсан 40 гаруй бүтээлийг Орхон аймагт үлдээж байгаад туйлын талахралтай байна. Хүүхдүүддээ зөв хандлага, төлөвшил суулгахын тулд аймгийн Байгаль орчны газраас олон ажил хийж байгаа.. Энэ үеэсгэлэн ч эдгээр ажлыг үр дүнд хүргэхэд томоохон түлхэц үзүүлэх болно” гэв.
Холбоотой мэдээ