Дагуул хот руу шилжин суурьшсан ААН, хувь хүмүүст татварын хөнгөлөлт үзүүлнэ

Монголын мэдээ | Улс төр
gantuya@montsame.mn
2018-05-29 12:05:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар  Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 14 бүлэгтэй бөгөөд Нийслэлийн удирдлагын зүгээс баримтлах бодлогын асуудлыг хуульчлах, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нийслэл хотуудын хөгжлийн загварыг нутагшуулах, мэдлэгт суурилсан өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, нийслэлийн удирдлага зохицуулалтын үндсэн зарчим, оршин суугчдын эрх, үүрэг, хариуцлага зэргийг тусгаж байгаа юм. Мөн хэт төвлөрлийг сааруулах үүднээс дагуул хотын төвийг хөгжүүлэх, дагуул хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, хувь хүмүүст татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг зохицуулалт хийжээ. Ингэхдээ дагуул хотод барьж, ашиглалтад оруулсан барилгыг үл хөдлөхийн албан татвараас тодорхой хугацаагаар чөлөөлөх, дагуул хот, дэд төвүүдэд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийн албан татварыг хөнгөлөх, дагуул хотын оршин суугч, иргэдийн албан татварыг тодорхой хугацаанд тавин хувиар хөнгөлөх зэрэг заалтыг тусгасан байна.

Шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барьсан. Өөрөөр хэлбэл дээрх хуулиудад мөн холбогдох өөрчлөлтүүд орох ёстой юм.

Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд байр сууриа илэрхийлэхдээ татварын зохицуулалт, хөнгөлөлтийг зөвхөн дагуул хотууд руу шилжсэн ААН, хувь хүмүүст бус шинээр үүсгэн байгуулсанд олгох хэрэгтэй, дагуул хотуудын дэд бүтцийг эрчимтэй сайжруулж байж төвлөрөл бодит утгаараа саарна гэх мэт санал хэлж байлаа. 
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж орж ирсэн зарим хууль татварын багц хуультай уялдахгүй байгаа учир төсөл санаачлагчид нь буцаах санал гаргасан. Гэвч санал хураалтын үед НӨАТ-ын тухай хуулийг буцаах шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэв. 
Ажлын хэсгийг төлөөлж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гишүүдэд тайлбар өгөхдөө “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг жил хагасын өмнө өргөн барьсан. Тухайн үед татварын багц хууль орж ирээгүй байсан. Ер нь нийслэл хот өөрийн гэсэн татварын бодлоготой, эрх зүйн орчинтой байж хөгжинө. Энд нэг ч шинэ төрлийн татвар нэмээгүй, харин ч  дагуул хотуудад татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олгох асуудлыг тусгаж өгсөн. Энэ хуулийн төсөл бол миний хувийн асуудал биш” гэв. Мөн Ч.Улаан гишүүний гаргасан "татварын хөнгөлөлтийг зөвхөн шилжсэн ААН-үүд бус шинээр үүсгэн байгуулсаныг давхар хамруулах" заалттай санал нэг байгаагаа хэлээд дагуул хотуудын дэд бүтэц харьцангуй сайжирсан, хурдтай хөгжиж байгаа гэдгийг хэлж байлаа. Татварын хөнгөлөлтийг байнгын хорооны гишүүд мөн дэмжив
Ийнхүү байнгын хороогоор хуулийн төслийг хэлэлцээд, гишүүдийн гаргасан саналыг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр болов. 

Н.Туяа 
Холбоотой мэдээ