Үндэсний уламжлалт хоол, ундаагаа дэлхийд сурталчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-05-30 00:56:12
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хоол үйлдвэрлэгчид олон улсын жишигт нийцсэн эрүүл, аюулгүй хүнсний сүлжээг бүрдүүлж, дэвшилтэт технологид тулгуурлан хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг үзүүлэх, үндэсний уламжлалт хоол, ундаагаа брэнд болгон дэлхийд сурталчлах болно хэмээн салбарын хөгжлөө тодорхойлж байна.
Энэхүү тодорхойлолтыг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, ХХААГ, аймгийн тогоочдын холбоо хамтран зохион байгуулсан “Үйлдвэрлэл үйлчилгээний салбарын анхдугаар зөвлөгөөн”-өөрөө тодотгосон юм. Өнөөдөр буюу 29-ний өдөр аймгийн төв Сүхбаатар хотноо эл анхдугаар зөвлөгөөнийг хийлээ. Энэхүү зөвлөгөөн Сэлэнгэ аймгийн тогоочдын ур чадварыг дээшлүүлэх, орон нутгийн онцлогийг харуулсан, эрүүл хоол, хүнс бий болгох, сурталчлан таниулах, харилцсан туршлага судлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Ажил мэргэжлийн уралдаан болон аймгийн анхдугаар зөвлөгөөнд 16 сумын, 150 гаруй төлөөлөл оролцлоо. Зөвлөгөөнөөр хоол үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн асуудлаа ярилцаж, цаашид анхаарах олон чухал сэдвүүдээр мэргэжлийн хүмүүсээс мэдээлэл сонссон. Өнөөдөр Сэлэнгэ аймгийн хэмжээнд худалдаа үйлчилгээний чиглэлээр 432, ахуй үйлчилгээний чиглэлээр 323, нийтийн хоолны чиглэлээр 201 аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаа явуулж байна. Тус аймгийн тухайд нийтийн хоол үйлдвэрлэл нь бие даасан салбар гэхээс илүү аймгийн хэмжээнд батлагдсан сэлэнгэ брэнд, эрчимжсэн үхрийн аж ахуй, аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдан хөгждөгөөрөө онцлогтой салбар юм. Мөн тус салбарынхан хүн амд эрүүл, зөв зохистой, аюулгүй хоол, хүнсээр соёлтой үйлчлэх. Түүнчлэн орон нутгийн хоолны онцлогыг хүнсээр дамжуулан аймаг орон нутгаа сурталчлах замаар эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулдаг давуу талтай юм. Эл үйл ажиллагаа эхлэхийн өмнө зөвлөгөөнд оролцогчид “Сэлэнгэ Олон Улсын худалдааны төв”-өөс Партизаны талбай хүртэл ХЦ-ийн 0243-р ангийн үлээвэр найрал хөгжимтэй жагсаалын алхаагаар алхан явсан нь хөдөлгөөний дутагдлаас бага ч атугай салах боломжийг мөн давхар олголоо.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ